Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. Сүүлийн зургаан жилийн хугацаанд Монголын улс төр тогтвортой байж ирлээ. Улмаар 2024 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, олон намын төлөөллийг парламентад оруулж ирэх боломжийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хийсэн. Ингэснээр гурван нам хамтарсан Засгийн газар байгуулах боломж бүрдсэн.
Үүний эцсийн зорилго нь жижиг улс төр, эрх ашиг, мөнгөний сонирхлоос болж олон жил гацсан том төслүүдээ хөдөлгөх байсан. Энэ зорилгоо ч эхнээс нь биелүүлж, Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг энэ сарын эхээр эхлүүлж чадлаа.
Цаашид ч Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн болон Эгийн голын усан цахилгаан станц, Ураны төсөл гээд шил шилээ даран хүлээж байна.Гэвч энэ бүхнийг эхлүүлэх, бүрэн дуусгахад бидэнд мөнгө хэрэгтэй байсан. Л.Оюун-Эрдэнийн удирдсан хамтарсан засаг энэ олон төслийг хэрэгжүүлэх мөнгөний эх үүсвэрийг Баялгийн сан гэж харсан. Тэр нь ч үр дүнгээ өгч байгаа. Харин мэдээлэлд ойр, үе үеийн улстөрчдийг өөрсдийн гар хөл болгон ашиглаж ирсэн бүлэглэлүүд өөрсдийн босгосон уул уурхайнхаа 34 хувийг өгөх дээрээ маргаан үүсгэсэн нь өнөөдрийн улс төрийн халуурлын эхлэл болсон гэхэд буруудахгүй. Аливаа улс бүү хэл хувь хүн хүртэл өөрийн алдаанаасаа суралцаж, цаашдаа аль болох алдахгүйг хичээж байж амьдардаг. Бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэдэн Ерөнхий сайдын нүүр үзэв гэдгээ бодох хэрэгтэй. Нэг Засгийн газрын дундаж наслалт ердөө 1.2 жил байсан нь өдгөө бидний үйлдвэрлэл хөгжөөгүй байгаагийн хамгийн том шалтгаан. Шинэ Ерөнхий сайд гарч ирээд мөнгөтэй бүлэглэлүүдэд таалагдахгүй, ард түмэнд ашигтай байх шийдвэр гаргаад, ажил хийх гээд ирэхээр тэд худалдаж авсан кнопоороо унагасаар ирсэн нь өдгөө нууц биш. Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар энэ бүхнээс сэргийлэх, мөнгөтэй бүлэглэлүүдэд барьцаалагдахгүй байхын тулд хамтарсан засаг байгуулсан юм.
Ухаахудагийн уурхайн асуудал сөхөгдөж, гурван үсэгтэй мөнгөтэй компани өөрсдийн хийж ирсэн аргуудаа хэрэглэж эхэлсэн гэдгийг улс төрийн хүрээнийхэн хэлж байгаа. Харин энэ удаад парламентын гишүүдийн тоог нэмж, 126 болгосон нь тэднийг санаагаа амархан хэрэгжүүлэхэд саад болсон бололтой.
Мэдээж Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр, Т.Доржханд нарт алдаа дутагдал, муу нэр бий. Гэсэн хэдий ч тэд хамтарсан зорилгоо ухамсарлаж байгаа гэдэгт олон түмэн итгэлтэй байна. Ард түмний мэдэлд байх ёстой байгалийн баялаг буюу стратегийн ордоо төрд буцаан авах алхмаасаа ухрахгүй л явах учиртай. Ерөнхий сайдын хүүгийн асуудал бол зүгээр нэг шалтаг. Өдгөө 22 настай гэдэг бол хэн нэгний нөхөр, хүний эцэг болчихсон, өөрийн хар толгойгоороо амьдралаа мэдэх хэмжээнд очсон хүн гэсэн үг. Нэг ёсондоо эцэг эхээсээ санхүүгийн хувьд тусдаа гарчихсан хувь хүн. Тэгээд ч урд хөл бүдрэхээр нь ард хөлийг нь ташуурдаад байж болохгүй. Авлигатай тэмцэх газар ч гэсэн өөрсдийн хэмжээнд ажлаа хийж Ерөнхий сайдын хүүгээс мэдүүлгийг нь авч, орлогыг нь нотлоод буруутай үгүйг нь тогтоох ёстой. Тэгээд ч Ерөнхий сайдын хүүгийн орлого, зарлагыг шалгах гэж байгаа бол бусдынхыг нь ч гэсэн шалгах хэрэгтэй. Учир нь бид чинь хууль тэгш үйлчилдэг, бусдыг ялгаварлан гадуурхдаггүй ардчилсан улсыг бүтээж яваа гэдгээ мартаж болохгүй. Дээрээс нь Үндсэн хуулийн зарчим хөтөлбөргүй хэрэгждэг байх ёстой.
Газрын доорх баялаг ард түмний өмч мөн юм бол тэр Ухаа худаг нь ч тэр, Төгрөг нуур нь ч тэр Баялгийн санд орж, ард түмний өмч болох ёстой. Харин энэ бүхнийг авахын тулд хамтарсан Л.Оюун-Эрдэнэ ажлаа үргэлжлүүлэх учиртай. Тэгээд ч Баялгийн сан гээчийг аль нэг нам дангаараа байгаа үедээ хийх боломжгүй.
Учир нь улс төрийн нам бүрд л бусдад барьцаалагдсан, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй нөхдүүд байдаг. Цаашдаа ч байх л болно. Тийм болохоор хамтарсан засаг байгаа үедээ тэр нөхдүүдээ дарж, хэн хэндээ хяналтаа сайн тавьж байж энэ бүхэн хийгдэх болно. Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг дуудаж уулзаад “Ажлаа өг”, “Хамтарсан засгаа тараа” гэсэн утгатай зүйл хэлсэн гэж байгаа. Хэрэв ингэвэл нөгөө алдартай гурван үсэгтэй компани ялалт байгуулж, Ухаахудагийн асуудал дахиж сөхөгдөхгүй. Тийм ч болохоор Ерөнхий сайд хамтарсан засгийг тараах, өөрийг нь огцруулах эсэх асуудлыг намынхаа Бага хурлаар хэлэлцүүлэхээр боллоо. Тиймээс өдгөө бид цаашид хөгжил дэвшил ярих уу, том төслүүдээ хөдөлгөж улсынхаа эдийн засгийг нэмэгдүүлэх үү, монголчууд ажилтай, орлоготой байх уу гэдгийг МАН-ын Бага хурлын гишүүд шийдэхээр болчихлоо. Тэдний шийдвэрт л ард түмэн итгэл хүлээлгэж, шийдвэрийг нь харах үлдлээ. Учир нь өдгөөгийн парламентын бараг тал нь нөгөө компаниас сонгуулийн үедээ дэмжлэг авчихсан тухай мэдээлэл ил болсон. Тийм байхад тэдний эрх ашгийн төлөө кноп дарахгүй гэх баталгаагүй. Дээрээс нь ард түмнээсээ итгэл хүлээж Улсын Их хурлын гишүүн болсон нөхдүүд одоо дор бүрнээ өргөсөн тангаргаа санах хэрэгтэй байна.
Та бүхэн гишүүн болчхоод алтан соёмбот тугандаа мөргөхөөсөө өмнө “Монгол Улсын Их хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглаж байна” гэж тангарагласан.
Түүнээс биш сонгуулиар хандив өгсөн хүмүүсийнхээ төлөө ажиллана гэж тангараг өргөөгүй. Хамтарсан Засгийн газрын эхлүүлсэн ажлыг дуусгаж, стартегийн орд газруудыг төрд авч, Баялгийн сангаа арвижуулж, төр улс, ард түмнээрээ мөнгөтэй болж, ирээдүйн хөгжлөө зураглахад парламентын гишүүд та бүхний үүрэг оролцоо маш чухал гэдгийг санах хэрэгтэй. Ерөнхий сайд огцрох, хамтарсан засаг тарах асуудлын эцсийн шийдвэрийг парламент л хэлэлцэх хуультай. Тийм болохоор л гишүүд та бүхэнд үүнийг чинь улиглан сануулаад байгаа хэрэг юм шүү. Ер нь бид энэ удаагийн хамтарсан засгийг амь бөхтэй, урт настай байлгаж гэмээнэ хөгжил дэвшил, бүтээн байгуулалт ярих боломжтой. Үгүй бол жил бүрийн хавар болохоор нэг Ерөнхий сайдыг огцруулж, өнөө л мөнгөтэй, бүхнийг худалдаж авч болно, дийлнэ гэж боддог бүлэглэлүүдэд баригдсан, дээрэлхүүлсэн хэвээрээ байх болно.
Л.Болд