Мандах сумын малчин: Хятадууд том биетэй хамгаалагч хөлслөөд, гандсан дээлтэй хэдэн малчныг мөн ч дээрэлхэж байна даа

380


-ГАЗАР НУТГАА ХАМГААЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ҮХСЭН Ч ЧАДНА. МАЛЧИД ГЭРЭЭСЛЭЛ БИЧИЖ ЭХЭЛСЭН-

          Дорноговь аймгийн Мандах сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэр, Богдын хошуун хонд гэх газарт хятад эзэнтэй “Түмэн айл инвест” компани нүүрсний уурхай байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлээд буй. Харин сумын иргэд уг уурхайн үйл ажиллагааг эсэргүүцэж, газар нутгаа ухуулахгүй хэмээн тэмцэж байгаа. Малчид, уурхайн ажилтнуудын дунд томоохон хэмжээний мөргөлдөөн үүсээд байгаа билээ. Уурхайн хамгаалагч нар малчдын биед халдаж, эд хөрөнгийг нь эвдэж, хүч хэрэглэж байгаа бичлэг цахим сүлжээнд цацагдаад байна. Тэдний эл мөргөлдөөн өдгөө тав дахь өдрөө үргэлжилж байна. Сумын иргэд тахилгатай уулынхаа хормойг ухуулж, газар нутгаа сэндийчүүлэхгүй” хэмээн эсэргүүцэж байгаа. Харин тус компанийн ажилтнууд “Төр чинь бидэнд зөвшөөрөл олгосон юм. Та нар яаж ч чадахгүй” хэмээн даналзаж байгаа гэх. Хэдийгээр хууль ёсны зөвшөөрөлтэй ч иргэдийн биед халдаж, хүч хэрэглэх нь зохисгүй, байж боломгүй үйлдэл хэмээн иргэд шүүмжилж байна. Бид Мандах сумын малчинтай холбогдож, үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа.
           -Нөхцөл байдлын талаар та мэдээлэл өгөхгүй юу?
          -Гандсан дээлтэй хэдэн малчин ч хүчин мөхөстөж, хүч түрэмгийдсэн, мөнгөөр “угж”-ууулсан, том том биетэй хамгаалагч нарт шүүсээ шахуулж байна даа. Амьд явахдаа ийм нүгэлтэй хүмүүсийг үздэг л юм байна. Бид газар ус, нутаг орноо хайрлахгүй бол хэн хайрлана гэж. Дөрөвдүгээр сарын 9-нд “Түмэн айл инвест” ХХК-ийн ажилтнууд түр бааз байгуулахаар ирсэн байдаг. Энэ өдрөөс хойш л уурхайн ажилтнууд, малчид, иргэдийн дунд мөргөлдөөн үүсэж, муугаа үзэж байна. Тус компанийн ажилтнууд өнгөрсөн намар ирээд явсан юм. Бид гурван хоног тэмцэж байж арай гэж явуулсан байдаг. Гэтэл дөрвөн хоногийн өмнө ирээд, уурхайн үйл ажиллагаагаа явуулахаар болсон тухай хэлж, хүч түрэмгийлж, газар нутгийг минь бидний нүдэн ухах гэж оролдож, олон хүний нус нулимсыг барж байна. Дээлтэй хэдэн малчныг минь хааш нь ч хамаагүй авч шидээд, гарыг боогоод, хүч хэрэглээд хөдөлгөхгүй байна. Охид, эмэгтэйчүүдийг минь ч ялгахгүй шидэж, биед нь халдаж байна. Тэд анхнаасаа мөргөлдөөн үүсэхийг мэдсэн бололтой автобус дүүрэн хамгаалалтын хүмүүс авчирсан. Хамгаалагч нар нь эхний өдөр биднийг хайр найргүй түлхэж, хүч хэрэглэж байсан. Бүр “Алчихсан ч чадна шүү” гээд сүрдүүлж, дарамталж байна лээ. Харин дараагийн өдрөөс нь бичлэг, зураг цахим сүлжээнд байршуулаад эхэлсэн чинь биднийг зодож, нүдэхгүй хэрнэ тэвэрч зогсчихоод хөдөлгөхгүй байгаа. Биднийг хааш нь ч хөдөлгөхгүй барьж зогсчихоод, техникээ байрлуулж, ухах газрынхаа хашаа руу оруулж байна.
           -Ухах газраа хашаалчихсан юм уу?
           -Уржигдар шөнө бааз байгуулах газраа тойруулаад хоёр метрийн гүнтэй нүх ухчихсан. Тэгээд ганцхан хэсэгт хүн орж, гарах боломжтой. Бусад газраар нь явган хүн битгий хэл техник ч гарах боломжгүй. Хэрэв тэр нүх рүү орох юм бол эргэж гарах боломж муутай. Тэгээд нүх ухаагүй үлдсэн хэсэг дээрээ том биетэй хамгаалагч нараа цагаар зогсоогоод, иргэдийг дотогш нэвтрүүлэхгүй байна. Тойруулаад ухсан нүхнийх нь аман дээр иргэд сууж байна.
            -Одоогийн байдлаар хэчнээн малчин эсэргүүцэж, жагсаж байна вэ?
            -Энэ хавийн газар нутгаа гэсэн 30 гаруй л малчин байна даа. Бид үнэхээр хүчин мөхөстөж байгаа учир зэргэлдээх Сайхандулаан, Хатанбулаг, Хөвсгөл сумын иргэдээсээ тусламж хүсэж байгаа. Бидэнтэй хамт тэмцээд, энэ уурхайгаас газар, нутгаа хамгаалахыг чин сэтгэлээсээ хүсэж, гуйж байна. Малчдыг нэг нэгээр нь тэврээд зогсчихоор бид яаж ч чадахгүй юм. Үнэхээр хоолой зангирч, газар нутгаараа харахаар сэтгэл эмтрэхээс өөрөөр яаж ч чадахгүй байгаадаа гомдож байна. Бид гэхдээ эцсээ хүртэл тэмцэнэ. Энэ уурхайг газар нутгаас минь гартал эсэргүүцэж, жагсах болно. Биднийг том машинаараа дайраад алчихдаггүй л юм бол тэмцэнэ. Энэ хүн чанаргүй, мөнгөнөөс өөр зүйл боддоггүй хүмүүст ч хүний амьдрал битгий хэл, амь ч үнэгүй биз дээ. Хоёр хамгаалагч нэг малчныг тэврээд зогсчихоор яах билээ дээ. Яаж дийлэх билээ дээ.
              -Гэртээ хариагүй хэд хонож байна вэ?
              -Дөрөв хонож байна. Өдөр, шөнөгүй манаж, хүч бяртай хүмүүсийн гарын шүүс болж, эд хөрөнгөө эвдүүлэн барин тэмцэж байна даа. Хамгаалагч нар нутгийн залуусыг барьж авч, мотоциклийг нь шидэж, толийг нь хугалж, түлхүүрийг нь хураан авч үнэндээ дээрэлхэж байна. Машинуудыг нь өшиглөж, “Энэ сэгээ аваад, эндээс хурдан зайлахгүй бол өөрсддөө гомдоорой” зэргээр дарамталж, сүрдүүлж байна. Газар нутгаа гэсэн хэдэн малчин минь өдөр, шөнөгүй, нойр, хоолгүй тэмцэж байна. Гэсэн ч бид хүчрэхгүй, тус компанийнхан ухаад эхэлсэн. Хэдэн малаа хаясан. Хээрийн чоно, боохой авбал авахаас биш дээ. 20 гаруй хүн тэмцээд барахгүй байна шүү дээ. Малчдыг орой гэр рүүгээ, хэдэн мал руугаа явахаар л уурхайн ажилтнууд ухаад эхэлж байна.
              -Хэзээнээс ухаж эхэлсэн бэ?
             -Тийм ээ, өчигдөр (уржигдар) өглөө иргэдийг барьж, хорьж байгаад хэдэн техникээ гаргаад, учир зүггүй ухаад эхэлсэн. “Ухаад эхэлчихсэн байхад эд нар яадаг юм” гэсэн аятай бидний янзыг үзэж байна. Монгол хүн өөрийнхөө гараар газар нутгаа ухаад, хятадуудтай зараад идчихдэг юм байна. Хятадууд монголчуудыг хөлсөлж, монголчуудыг дарамтлуулж байна шүү дээ.
-Компанийн зүгээс та бүхэнд ямар тайлбар өгч байгаа вэ?
                -Малчин бидний амьдралын гол эх үүсвэр нь хэдэн мал маань шүү дээ. Малаа бэлчээх газар нутаггүй, ундны усны болохын цагт хэн биднийг харж үзэх вэ. Газар доорх баялагийг нь зараад идчихсэн, хэдэн төгрөг авчихсан төр үү, хамаг баялагийг минь аваад, газар нутгийг минь сэндийчээд хаясан компанийнхан уу. Эцсийн эцэст хэн ч биш. Бид өөрсдөө л өөрсдийнхөө амьдралыг болгож явах учиртай. Гэтэл тус компанийнхан “Малын бэлчээр хэтэрсэн. Малаа багасга” гэж байна лээ. Ингэж биднийг доромжилж болно гэж үү дээ. Өөрсдөө хүртэл малаа бэлчээхээс хайрладанг онгон дагшин газрыг минь ухаж, мөнгө олно гэж яаж чаддаг байна аа.
           -Нутгийн удирдлагууд тань ирсэн. Нөхцөл байдалтай танилцсан уу?
           -Өчигдөр холбогдох бүхий л газраас Ажлын хэсэг ирж газар дээр нь ажилласан. Салбарын сайд нь иргэд, компанийн тэмцлийг эцэслэх хүртэл үйл ажиллагаа явуулахыг хориглосон ч тус компанид огтхон ч хамаагүй бололтой. Дуртай үедээ ухаад, иргэдийг дээрэлхэж байна шүү дээ. Ажлын хэсгийн дүгнэлтээр ямар хариу гарахыг нь мэдэхгүй. Эсэргүүцэл болж байгаа газар нь сумын төвөөс 30 гаруй километрийн зайтай. Утасны сүлжээ бараг барьдаггүй, иргэд интернэт цацаж байж сүлжээнд орж байна. Ажлын хэсгийнхэн сумын төвд очиж шалгалтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэсэн. Монголын төр хэдэн малчнаа хүн гэж үзэхгүй байна. Нохой шиг зодуулж, бах таваа хангаж байгаа бололтой. Компанийн удирдлагууд “Бид зөвшөөрөлтэй. Бид өөрсдийн юм аа авах гэж ирлээ” гээд бидэн рүү дайрч давшилсэн. Тэдний зөвшөөрөл малчин бидэнд хамаагүй. Малчид бид газар нутгаа ухуулахыг хэрхэвч зөвшөөрөхгүй. Газар нутгийг минь мөнгөөр худалдаж аваад, малчдыг нь нохой шиг зодоод явуулна гэж бодсон бололтой. Энэ бол том эндүүрэл. Бид үхэх байсан ч энэ бүх үйл ажиллагааг зогсоох хүртлээ зогсоно. Зарим малчин “Үхсэн ч гомдолгүй” гээд гэрээсэл бичээд эхэлсэн. Би ч гэсэн шаардлагатай бол бичнэ. Үр хойчдоо үлдээх газар нутаггүй буцах юм бол амьд яваад яадаг юм. “Монголын төрөөс гуйж байна. Олгосон лицензээ цуцлаад, биднийг нутаг устай, газартай минь үлдээгээд өгөөч”. Хэлэх ч үг үнэхээр алга даа.

МАНДАХ СУМЫН ЗАСАГ ДАРГА Б.УГТАХБАЯР: Түмэн айл инвест компани нь 2014 оноос хайгуулын үйл ажиллагаа явуулсан

           Бид энэ талаар Мандах сумын Засаг дарга Б.Угтахбаяраас тодруулахад “Түмэн айл инвест” компанийнхан малчдад гар хүрсэн гэх маргаан энэ сарын 9-нөөс эхэлсэн. Тус нүүрсний компани нь манай сумын хоёр, гуравдугаар багийн заагт оршдог тахилгатай уулын ойролцоо үйл ажиллаагаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Тийм учраас малчдын дийлэнх нь тус үйл ажиллагааг эсэргүүцэж байгаа юм. Тус компани манай суманд 2014 оноос хойш хайгуулын үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Харин одоо олборлох зөвшөөрлөө авчихсан, бичиг, цаасны ямар ч асуудалгүй гэсэн. Аймгийн Засаг даргаар ахлуулсан Ажлын хэсэг манай суманд ирсэн. Бид өчигдөр “Түмэн айл инвест” компанийн байршиж буй газарт ажилласан. Дээрх маргаантай асуудлыг мэргэжлийн байгууллагынхан шийднэ" гэсэн юм.

ДӨРВӨН ХҮҮХДИЙН АМИЙГ АВЧ ОДСОН ХАНТАЛСТ КОМПАНИЙН ЗАХИРАЛ Ш.БАТ-ЭНХИЙН ХАДАМ ДҮҮ “ТҮМЭН АЙЛ ИНВЕСТ” ХХК-ИЙГ ХЯТАДТАЙ НИЙЛЖ ХУВЬЦАА ЭЗЭМШДЭГ

           Малчдыг зодож, танхайрсан ажилтнуудтай “Түмэн айл инвест” компанийг танилцуулж байна. Тус компани нь 2014 оны наймдугаар сарын 28-нд Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Улсын бүртгэлд 5874963 регистрийн дугаараар Улаанбаатар, Хан-Уул, 15-р хороо, махатма ганди, төв цэнгэлдэх хүрээлэнгийн байр 301 тоот  хаяг дээр таван хүний эзэмшигчтэйгээр бүртгэгджээ. Тус компанийн хувьцаа эзэмшигчид 2017 оноос солигдож эхэлжээ. Тодруулбал, 2017 оны зургадугаар сарын 22-нд Өлзийсүхийн Гансүх, Төмөрбаатарын Нямдаваа нар хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн байна. Мөн төд удалгүй буюу гурван сарын дараа есдүгээр сарын 27-нд Ишбадамын Наранхүү, Renhoa Wang гэх хятад иргэн хувьцаа эзэмшигчээр нь нэмж бүртгүүлжээ. Харин 2019 оны есдүгээр сарын 4-нд иргэн Алтанпүүжээгийн Жаргал, хуулийн этгээд Түмэн айл Инвест хувьцаа эзэмшигчээр нэмж бүртгүүлсэн байна. Одоогийн байдлаар тус компанийн гүйцэтгэх захирлаар Баньдхүүгийн Болор-Эрдэнэ гэх эрэгтэй ажилладаг аж.
Бүүр нарийн хайвал, тус компанийн хувьцаа эзэмшигч Ишбадамын Наранхүү нь Хүүхдийн төлөө газрын дарга асан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах тогтоол усанд дөрвөн хүүгийн амийг авч одсон “Ханталст” ХХК-ийн захирал Ш.Бат-Энхийн эхнэр И.Нарантуяагийн төрсөн дүү ажээ.

https://ergelt.mn/news/59/single/20242
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn