Ө.Сумъяабаатар: Бид хот төлөвлөлтийн алдаатай бодлогын золион дээр л ажиллаж байна.Тэглээ гээд гонгинохгүй...

0
НИТХ-ын төлөөлөгч, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатартай ярилцлаа. 
-Сумъяабаатар даргыг зочноор урьж ярилцъя гэж бодож байсан юм.  Танай дүүргийн ИТХ-ын хүчний харьцаа бараг тэнцүү. МАН нэг гишүүнээр илүү. Нэгээр илүү бол мянгаар илүү гэдэг, тийм үү. Гэсэн ч таныг бол хэцүүхэн нөхцөлд ажиллууллаа. Хоёр ч удаа огцруулах гэж үзлээ. 
-Хэцүү үедээ хэцүү байсаан. Гэхдээ хэцүү байна гээд улсын ажлыг цалгардуулах эрх бидний хэнд ч байхгүй болохоор аль болох арга эвийг нь олоод ажлаа явуулахын төлөө ажилласан. 
-Таныг би нэлээн дээрээс мэдэх юм. Дүүрэгт, нэгж дээр ажиллаж байгаа юм байна. Миний эхний асуулт өглөө сонссон хөгжилтэй мэдээтэй холбоотой асуулт юм. Энэ бол хотоос баахан малыг гаргаж байгаа гэнээ... гэсэн мэдээлэл. Хот, мал гэхээр зохицолдохгүй ойлголт яваад байдаг. Одоо бол хөдөө мал, малчин хоёр хэцүү байна. Гэтэл хотод Шангри-Ла орчимд мал “зугаалаад” байна гэнэ.  Тэгэхээр танай Баянгол дүүрэгт ч малтай иргэд байдаг хэрэг үү. Тэр малыг тэгээд хааш нь аваачих гэж байгаа юм бол? 
-Өглөө би бас яг энэ мэдээг харж байлаа. Тэгсэн чинь өчигдөр манай дүүргийн нутаг руу 24 адуу орж ирсэн байна. (инээв) Гурав, дөрөвдүгээр хороолол руу гэхэд хоёр адуу орж ирсэн бол, цахилгаан станцын урд, манай дүүргийн хамгийн том хороо болох 20 дугаар хороо руу олон адуу орж ирсэн явж байна гэнэ. Нийслэлийн дүүргүүдийн хэмжээнд гэхэд нийтдээ 2153 мал орж ирсэн. Ихэнх нь адуу юм байна. Манай дүүргийн хувьд Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй гээд том дүүргүүдтэй хиллэдэг. Тиймээс адуу мал орж  ирэх нь харьцангуй бага л даа. Харин нэг хоёроороо заримдаа нэлээн гүн нэвтэрчихээд, таны хэлсэн Шангри-Ла-гийн урд хүртэл явж байсан байна. Ер нь хот дотор адуу мал байж болохгүй шүү дээ. Тиймээс бүгд нийлээд, хүн хүчээ дайчлаад гаргах нь зөв. Байдал хэдий хэцүү байгаа ч малаа шууд л туучихаж болохгүй.
-Малтай бол хотын захад амьдар л даа. Ийм зүйлийг хүртэл ойлгуулах гээд явж байх нь өөрөө гунигтай байна шүү дээ? 
-Тийм ээ. Энэ жил өвөлжилт хүндэрсэн. Цас ихтэй байгаа. Тэгэхээр адуу мал өвс хайж явсаар хот руу ороод ирчихдэг юм шиг байгаа юм.
-Одоо тэр орж ирсэн малыг хааш нь аваачих гэж байгаа юм бэ? 
-Нүхтэд, Сонгинохайрхан Эмээлт орчимд, хотын хойд чиглэлд гээд том хашаатай айл өрх, аж ахуй нэгжийн хашааг түр ашиглаад, тэнд нь туусан малаа бүртгэлжүүлээд, бүртгэлийнхээ дагуу эздийг нь хайгаад өгч байгаа. “Адуу малаа дахиж хотод оруулахгүй шүү” гэж хэлж, ойлгуулаад хүлээлгэж өгч байгаа юм. Манай төрийн албаныхан мал тууж байна, нохой тууж байна. Ер нь хийхгүй юмгүй болж байна шүү. Заримдаа дотоод сүлжээн дээр явж байгаа мэдээллүүдээ харахаар үнэндээ хэцүү санагддаг. 
-Айлын нохой зөвшөөрөлгүй буудсан, устгасан гэх мэдээ харахаар аймшигтай санагддаг. 
-Мал тууна, нохой тууна, цас цэвэрлэнэ гэсэн мэдээллүүдийг хөндлөнгийн хүн харахаар сонин санагддаг байж болох  ч яг амьдрал дээр эдгээрээс үүдэлтэй сөрөг асуудлууд маш их байдаг. Тухалбал, иргэдтэй уулзаад явахаар “Эзэнгүй нохой маш их байна. Орой үдэш хүүхдүүд хичээл сургуулиа тараад ганц нэгээрээ явахад хэцүү байна. Хүн рүү дайрч байна, хазаж урж байна” гэсэн гомдол их ирдэг. Ер нь нохой хүн хазсаны дараа биш тийм байдлаас урьдчилж арга хэмжээ авах нь чухал юм. Бас адуу мал байна. Ер нь хотын дотоод амьдралд бидэнд анзаарагдахгүй, мэдэгдэхгүй юм шиг атлаа асуудал дагуулсан маш олон зүйл байдаг. Магадгүй манай төрийн албан хаагчид мал, нохой туугаад явж байвал зарим найз нөхөд нь “Чи ийм юм хийдэг юм уу” гээд шоглодог байх. Гэхдээ үүнээс өөр арга байхгүй. Сүүлийн үед бүртгэлгүй, хаяггүй, өөрөөр хэлбэл эзэнгүй нохой их болсон байна. Өмнө нь тусгай аж ахуйн нэгжүүд ийм тохиолдолд гэрээний дагуу буудаж устгадаг байсан. Одоо арай өөрөөр үзье гээд ажиллаж байгаа. Тийм нохойг устгах биш харин хотоос гадагш, тусгай хашаанд хийх арга хэмжээ авч байгаа. 
-Журмын хашаа гэдэг шиг хашаанд уу? 
-Тийм. Гэхдээ энэ ч төдийлөн үр дүнд хүрэхгүй л байгаа. Том нохойнуудаа барьж авч чадахгүй байна. 
-Та олон жилийн өмнө манай дээд зиндааны улстөрчдийн дунд өндөр байр суурьтай С.Баяр даргын шадар туслахаар ажиллаж байсан хүн. Магадгүй зарим залууст тийм хэмжээний дурсамж байсан бол арай өөр түвшинд ажиллах гээд гүйх байх. Таныг дүүрэгт ажиллаж байгаад олзуурхаж байна. Дүүрэг удирдан ажиллахад хүн төрөхөөс үхэх хүртэлх бүх л зүйлтэй хутгалддаг юм шиг байгаа юм? 
-Газар нутаг, хүн, мал гээд хамаарахгүй сэдэв гэж байхгүй л дээ. 
-Нийслэлийн ИТХ-д нэр дэвшээд ялалт байгуулаад ороод ирсний дараа, дүүргийн Намын хорооноос Засаг даргад нэрийг тань дэвшүүлэхэд танд юу бодогдож байв? 
-Таны сүүлийн асуултаас эхлээд хариулъя. Орон нутгийн сонгуулийн дүн гарсны дараа намайг дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлсэн. Ер нь төлөөлөгчдийн тоо ойрхон байхад юу болдог вэ гэдгийг би гадарлана шүү дээ. Саналын тоо ойрхон байхад ямар асуудал үүсдэг вэ гэдгийг маш сайн мэднэ. 32, 33 гэдэг шиг. Манай дүүргийн Иргэдийн хуралд манай нам нэг суудлын илүүгээр ялсан. Амаргүй байна гэдгийг гадарлаж байсан.
-Их эмзэг бүтэц л дээ...
-Сүүлд манайд нэг хүн орж ирснийг та мэдэж байгаа шүү дээ. Ингээд л эхнээсээ асуудал үүссэн. Дүүргийн ИТХ анхны чуулганаа хуралдуулж чадахгүй явсаар хуулийн хугацаа тулахад буюу хамгийн сүүлд арай гэж хуралдаж би томилогдсон. Дүүргийн намын хороо, намын удирдлагууд намайг маш сайхан хүлээж авч, дэмжсэн. Дараа нь нэлээд юм болсон л доо. 
-Тусгаар тогтнолын ордны үүдэнд нэг залуу суулт хийсэн, ажлаа явуулъя аа гээд... 
-Манай П.Өлзийнаран төлөөлөгч.  Иргэдийн хурлын төлөөлөгчөөр өмнө нь ч сонгогдон ажиллаж байсан хүн. Намын анхан шатны нэгжид ажилладаг. Манай намын хорооны сайн дарга нарын нэг л дээ. 
-Ер нь ажлаа явуулах хэрэгтэй биз дээ. Дээд түвшинд том хэмжээний тэмцэл явж байхад, системийн өөрчлөлт хийж байхад доор нь жинхэнэ ажил өрнөдөг газарт улс төржилт яваад байж болохгүй. Тэр үед зарим нь энэ залуу АН-ын хүн юм уу гэж байсан... 
-Тийм. Би нэг зүйлийг ер ойлгохгүй байсан л даа. Ер нь ямар ч асуудалд үндэслэл гэдэг юм байх ёстой. Улс төрийн дүрэм журам биш юм гэхэд энгийн ерөнхий зүйлс дээр агуулга, үндэслэл гэдэг юмнууд байдаг шүү дээ. Гэнэт дуудаж оруулаад л, ямар ч асуулт ч асуухгүйгээр огцрууллаа л гэдэг. Энэ бол орон нутгийн Иргэдийн хуралд хамгийн байж болохгүй тоглолтуудын жишээ болж үлдсэн. Өөрсдөө ч зарим нь эмзэглэж яваа байх. 
-Ер нь 20 : 21 гэдэг өөрөө хүчний хэцүү харьцаа.  Энэ талаас нь улстөрчид бол ойлгож байсан байх аа, таныг.  Ер нь танай Иргэдийн хурлын төлөөлөгчдийн насны бүтэц ямар вэ? 
-Дунджаар 35-40 насныхан. 
-Та өөрөө Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч биз дээ? 
-Тийм. 
-Баянгол дүүргээс НИТХ-д нэр дэвшсэн танайхан их эрч хүчтэй, шижигнэсэн  залуу баг байсан. Би тэр үед өөрөө Баянголын сонгогч байлаа. Баянгол дүүрэг сайхан дүүрэг. 
-Бид багаараа нэг бодлого, нэг зорилгын төлөө дэвшсэн. Түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө ажилласан. Манай дүүрэг сайхан дүүрэг. 
-С.Баяр дарга мэдээж олон туслахтай байсан байх. Гэхдээ хэнд нь ч нэг их санаа зовж, эргэж харж нялцагнадаггүй болов уу. Гэхдээ тэр нь итгэлийн л илрэл байх. Ингэхэд та хоёр хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ? 
-Тэр үнэн. Хүмүүс С.Баяр даргын туслах байсан гэхээр байнга уулзаж учраад явдаг гэж зарим нь боддог байх. Эсвэл уулзаагүй гэхээр худлаа яриад байна даа гэж боддог юм шиг байгаа юм. С.Баяр дарга дөнгөж албаа өгчихсөн байх үед би сурч байгаад монголдоо ирсэн. Ажил хийх санаатай хүмүүстэй уулзаад явахаар С.Баяр даргын хүн гээд надад итгэхгүй. “С.Баяр дарга худлаа даа”, “Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. С.Баяр дарга том улстөрч, эргэж орж ирээд дахиад ажлаа хийнэ” гэдэг байдлаар ханддаг байсан. Хүмүүсийн тэр хандлага туслах нь байсан надад маш их мэдрэгдэнэ. Уг нь С.Баяр дарга бид хоёр аль хэдийн нэгэн үе хамт ажиллаад, дараа нь мөр мөрөө хөөсөн хүмүүс шүү дээ. Гэтэл хандлага нэг тийм сонин байдаг байлаа. С.Баяр даргын туслахаар ажиллаж байхад нам дотор олон зүйл болж байсан. Та мэдэж байгаа. Хоёр намын Их хурал, жигүүр, онц их хурал гээд л... 
-Бараг 20 жил өнгөрч? 
-2004- 2005 он шүү дээ. 18-19-өөд жилийн өмнө. Тухайн үед би намын даргын дэргэд ажилладаг байлаа. Урд урдын дарга нар, намын гишүүдийн намтрыг их уншдаг байсан. Би хөдөө төрж өссөн. Гэтэл нэг л юм дутаад байдаг. Тэр нь хэл. С.Баяр дарга бол яах аргагүй өндөр боловсролтой, асар өргөн мэдлэгтэй хүн. Тийм хүмүүстэй ойрхон ажиллаж байсан болохоор өөрийгөө голоод, чамлаад маш хэцүү байдаг юм билээ. Дараа нь хүмүүс надад хэлж байсан л даа. Чи даргын туслахаар гурав дөрвөн жил ажилласан байж Ерөнхий сайд болохоор нь зөрөөд гараад явчихдаг. Ийм тэнэг хүн байдаг аа гээд. Тэр үед би “За, баяртай дарга аа. Би өөрийнхөө боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй” гээд яваад өгсөн. Тэр үед надад нэг ах хэлж байсан. Чи буруу үед явчихлаа даа. Ийм боломж хүн бүрд байнга олддоггүй юм шүү гэж.
-Мэдээж Ерөнхий сайд болоод чамайг шадар туслахаараа аваад явах байх л гэж бодож байсан байх? 
-Тэгэлгүй яах вэ. Намайг аваад л явж байсан. Гэтэл Ерөнхий сайд болоход нь, 2008 оны 8-р сард нь би ажлаасаа гарчихсан. Буцаад 2011 онд ирэхэд дарга Ерөнхий сайд, намын даргын суудлаа өгчихсөн байсан. 
-Та хаашаа явж сурсан юм бэ? 
-Би АНУ-руу явсан. Тэгээд хэлний сургуульд нэг жил сураад, үргэлжлүүлээд Олон улсын харилцааны чиглэлээр мастерын хөтөлбөрт хамрагдсан. 
-Тэр хугацааг өөрөө бол “алдсан хугацаа” гэж боддоггүй байх, тийм үү? 
-Тэр цаг хугацааг би юм үзэж хараад, өөрийгөө хөгжүүлээд явсан цаг үеэ гэж боддог. Хэрэв тэгж яваагүй бол одоо ч гэсэн нэг л юм уу дутуу санагдсан хэвээрээ л байх байсан болов уу. 
-Таныг сурахаар явлаа гэхэд тэр юу гэж хэлэх юм. 
- Чи ажил хийх юм уу. Ер нь ямар санаатай байна вэ гэж нэг удаа  асуусан. Би сурахаар явна. Урилга бүх юмаа бэлдчихсэн гэсэн чинь “За, сайн сураад ирээрэй” гэсэн.
-Олон асуухгүй л дээ? 
-Тэгэхэд нь би сурах гээд шийдчихсэн байсан болохоор  “одоо ажил төрөл хийхгүй ээ” гэж хариулсан. Заримдаа тэр үеийг бодоод хэрэв би ажлаа үргэлжлүүлээд явсан бол арай өөр байх байсан болов уу гэж боддог л юм. 
-Анх таныг ажилд авахдаа юу хэлж байв? 
-Дарга олон юм асуухгүй. За, анкетаа тавьчих. Туслах яг юу хийх ёстой билээ гэхээр нь би баахан юм яриад л “Цаг заваа зохицуулна, таны ажил төрлийг төлөвлөнө” гэтэл “Товчхондоо туслах гэдэг нь бүх талаар тусална гэсэн үг шүү дээ. За, ажилдаа ор” гэсэн. Тэр үе 2005 оны нэгдүгээр сар байсан байх аа. Н.Энхбаяр даргын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших компанит ажлын бэлтгэл эхлэх гэж байх үе. Тэгээд л ажиллаж эхэлсэн. Орой нь хоёулаа зурагтыг нь асаах гэтэл чаддаггүй.  Тэгсэн дарга “Чи ер нь техникийн боловсролоо жаахан сайжруулах хэрэгтэй юм байна даа” гэж байсан нь санаанаас гардаггүй юм. 
-Хамгийн сүүлд хэзээ тухтай уулзсан бэ? 
-Намын хурлууд дээр даргатай таардаг. Гэхдээ хурлын арга хэмжээний үе болохоор тухтай суугаад уулзаад байх боломж байхгүй. Харин Ерөнхий сайдын суудлаа өгөөд Сиэтлд очиход нь уулздаг байсан. Би өөрөө Нью-Иоркод сурч байсан л даа. Тэгэхэд “Чи яах билээ. Хэзээ төгссөн билээ. Ямар мэргэжлээр сурч байгаа билээ. Ямар чиглэлээр ажиллах сонирхолтой байгаа билээ” гээд асуудаг байсан. Гадаад харилцааны чиглэлээр сурч байгаагаа хэлнэ. “За, чи хичээлээ дуусгаад ирээрэй” гэж хэлж байсан. Дараа хавар нь ирэхэд намын даргаа өгчихсөн байсан. Ордонд таараад уулзтал “Би бүх ажлаа өгчихсөн. Одоо ч миний үгийг сонсдог хүн байхгүй биз дээ” гэж байсан. 
-Ер нь эр хүний зоригоороо яв л гэж хэлж байгаа хэрэг биз? 
-Тийм.  Уг нь би намын аппаратад ажиллачихсан, тэр хүмүүстэй нэг хамт олон болчихсон байсан. Тэр үед намайг танихгүй дарга нар ч гэж байдаггүй байсан. Бүгд л даргатай уулзах гээд ирдэг, үүдэнд нь дугаарлаад л зогсдог байсан болохоор бүгд намайг танина. Тэгсэн яваад ирсний дараа хүмүүс бүр өөр болчихсон, таньсан ч холдоод явчихна. Төв нам руу ороод ажиллах гэтэл надад ер итгэхгүй, С.Баяр даргын хүн гээд их сонин байж билээ. Би АНУ-аас ирээд их олон хаалга тогшсон. Тэгээд арай ойр байсан болохоор Г.Мөнхбаяр дарга дээр очсон. Тэгсэн намайг их сайхан хүлээж авсан. 
-Та тэгвэл хүмүүсийн чанарыг их эрт таньсан байна шүү дээ. 
-Тэгсэн. Би хүмүүс ямар байдгийг харьцангуй залуу насандаа мэдэрч авсан. 
-Хүмүүс С.Баяр даргыг их ярвагар, ааштай авиртай гэдэг.  Яг шадар туслах нь байсан, өдөр дутам хамт ажиллаж байсан хүний хувьд юу гэж тодорхойлох вэ. Үнэхээр яг хамт ажиллахад хэцүү юу? 
-Үгүй, гайгүй шүү дээ. Хүмүүс монголын алдартай ааштай хүн л гэдэг. Яг амьдрал дээр тийм биш.  Бүх юм тодорхой байхыг л шаарддаг. Бүх юм тодорхой байвал ямар ч асуудалгүй. Нэг удаа сонгуулийн үеэр дарга москвад хэрэглэж байсан notebook дээрээ нэг материал редакторлоод байж байсан юм. Тэрийгээ янзалж байгаад энийг хадгалчих гээд надад өгдөг юм, би товчлуур дартал нөгөөх нь байхгүй болчихсон. Тэгсэн за, чи наадхаа маргааш гэхэд ямар нэг байдаар сэргээнэ, би телевизийн шууд ярилцлагатай гээд гараад явчихлаа.  Би зөндөө үзээд болсонгүй, ёстой шаналсан. Маргааш нь яах бол гээд л хачин царайлаад байж байсан чинь өглөө нь зүв зүгээр орж ирээд, за зүгээр ээ гэж байгаа юм. Тэр үед хэн хэнийх нь буруу байсан байх л даа /инээв/.
-Баянгол гэдэг бол энэ дүүргээр овоглосон лидерүүдтэй. Ялангуяа АН-ын С.Эрдэнэ, С.Одонтуяа гээд, АН-ынхан удаан засагласан газар. Энэ дүүрэгт ирж ажиллахад хэцүү нь юу байв?
-Би хэцүү зүйлүүдээ зах зухаас нь нэлээн сайн амсчихсан шүү дээ. (инээв) Харин одоо надад хэцүү гэхээсээ илүү, дүүрэгт хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудыг харах гоё байдаг. Өмнө нь яг ямар байсныг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ бид 2021-2023 онд 34 хорооны 110 байршилд тоглоомын талбай, 90 байршилд 47,672.72мкв талбайд явган хүний замыг хийж гүйцэтгэсэн байна. Мөн 100 гаруй байрны дээврийг зассан байна. Мөн 30 байранд фасад дулаалгын ажлыг хийсэн бол энэ онд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар нэмж 15 байрны фасад дулаалгын ажлыг нэмж хийнэ. Энэ мэт иргэд рүүгээ чиглэсэн олон ажил хийсэн ч дутуу ажлууд бас харагдана аа. Тэрийгээ гүйцээчих юмсан гээд зүтгээд л байна. Та түрүүн асуулаа. Урд нь сөрөг хүчний лидерүүд болох С.Эрдэнэ, С.Одонтуяа гээд улстөрчдийн дүүрэгт ажиллах амаргүй байв уу гэж. Тийм биш шүү дээ. Нэгэнт засгийн эрх аваад бодлого хэрэгжүүлээд ажиллаж эхлэхэд ямар нэг асуудал байхгүй. Адилхан л төрийн албан хаагчид энд ажиллаж байна.  Засаг даргын хувьд өөрийн бодсон санасан зүйлээ хуулийнхаа хүрээнд ИТХ-д оруулж төсвөө батлуулаад хийгээд явна. 
-Ер нь гол хэцүү асуудал сөрөг хүчин гэхээсээ илүүтэй өөрийн намын зүгээс байв уу гэж харж байна? 
-2020 оны сонгуулийн дараа энэ дүүрэгт найман жил ялагдсан байсан манай нам гарч ирсэн. Энэ хугацаанд намын олон мянган гишүүн нэг баг болж зүтгээд л, Засаг даргыг томилж багаа юм шүү дээ, яг үндсэндээ бол. Харин цаашид яаж ажиллах вэ гэдгийг Дүүргийн Засаг дарга хараад, бодлогоо зангидаад явна. Ажил төрлөө төлөвлөнө. Дээр нь нэмээд манай тойргоос сонгогдсон намын дарга байна. Ж.Ганбаатар дарга тойргийнхоо төсөв мөнгөний төлөө үнэхээр их зүтгэдэг. Төсвөөрөө зам гэх мэт том бүтээн байгуулалтын ажил хийлээ, засварлаж, шинэчлэх ажлуудаа сайн хийсэн. Ер нь л сүүлийн гурван жил Баянгол дүүрэгт ажил буцалсан. Бас олон жил болсон гаражуудыг  буулгаж газар чөлөөлж эхэлсэн. 
-Гараж чөлөөлөлтийн ажил бол Д.Сумъяабазар даргын хэл аман дундуур явж хийсэн маш сайн ажил шүү. Гэхдээ үр дүнтэй, зөв ажлуудыг иргэд амархан мартчихдаг. 
- Тэгдэг. 2021 онд дүүрэгт нэлээд ажил хийгдсэн. Гэвч хүмүүс ямар ч сайхан ажил хийсэн алга таших нь ховор болчихсон.  “Тийм байсан зүйлийг засаад ийм болгосон” гэхээр өмнөхөө мартчихсан өөр зүйл л яриад байдаг. 
-Ер нь Баянгол дүүрэгт шинэ бүтээн байгуулалт хийе гэхээр газар байхгүй нь нэг хэцүү тал нь байх?
-Тийм. Манай дүүрэг хүн ам ихтэй, газар нутаг багатай. Нэг хүн амд ноогдох газар нутгийн хэмжээ хамгийн бага. Дээр нь сүүлийн үед хүн ам төвлөрсөн хотхон хороолол олноор баригдсан. 1980-аад он баригдсан барилга байгууламжууд маань ерөнхийдөө муудсан. Гурав дөрөвдүгээр хороолол, Төмөр зам, 10-р хорооллын даац хэтэрчихсэн. Тулгамдсан асуудлууд ихтэй л дээ.  
 
-Гэхдээ би таныг дээрээ түшигтэй гишүүдтэй байна гэж боддог. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, С.Одонтуяа гээд. 
-Үнэн. 
-Та бүлэг, фракц гээд яваад байдаггүй. Энэ нь таныг оролдох нэг барьц болж өгдөг байж болох юм. 
-Магадгүй. Би өөрөө нэг их айхтар фракц энэ тэр гээд яваад байдаггүй. Тийм юмандаа жаахан тааруухан. Би Баянгол дүүргийн Засаг дарга, дүүргийн Намын хорооны дэд дарга. Манай дүүргийн намын дарга бол Ж.Ганбаатар сайд. Миний хувьд намын даргатай намын дэд даргын, засаг даргын түвшинд л ажлаа яриад, хийгээд л явдаг. Өөр энд тэнд, элдэв бүлэглэл гээд яваад байдаггүй. Тэр миний сул тал байж магадгүй. Энэ талаас маань болж намайг оролддог ч байж магадгүй. Ер нь бол асуудал болгон дээр тайлбар өгөөд л, өөрийгөө өмөөрөөд яриад байх нь зохимжгүй зүйл гэж би үздэг. Жижиг сажиг асуудлыг дэвэргээд, тэрнээс чухал ажилгүй ч юм шиг гүйгээд байх нь утгагүй харагддаг.
-Архангай аймагт төрсөн юм билээ. Тэнд төрсөн үү?  
-Тийм. Би Архангай аймгийн төвд төрж өсөөд, аймагтаа 10 жилийн дунд сургууль  төгссөн. Тэгээд л хотод оюутан болж ирээд, Баянгол дүүрэгт амьдарсан. Баянголын оршин суугч. 
-МУИС-ийн улс төр судлалын анги төгссөн байв уу? 
-Тийм. Олон улсын харилцааны чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан. Төгсөөд судалгааны байгууллагад ажиллаж байсан. 
-Би таны ярилцлагыг үзсэн. Тэр дотор миний хэзээ ч сонсож байгаагүй нэг үг байсан “Та НИТХ-ын гишүүн боллоо. Та улс төрд орчихлоо, улстөрчийн хувьд...” гээд яриа  эхлэхэд “Намайг улс төрд орсон гэж хэлэхэд зохимжгүй” гэж хариулсан байсан. Уг нь манайд сургуулиа төгсөөд намын байраар хэд гүйгээд, орон нутагт нэг дэвшээд үзчихсэн л бол улстөрч болчихсон гэж ярьцгаадаг шүү дээ? 
-Би том улс төрийн байгууллагад ажиллаж байсан. Хувь тохиолоор тодорхой түвшний улстөрчидтэй ажиллаад үзчихсэн болохоор “улстөрч гэж ийм хүнийг хэлдэг юм” гэсэн суурь үнэлэмж байна шүү дээ. Улстөрч бол мэргэшсэн байх ёстой. 
-Манайхан улстөрч боллоо. Улс төрд хөл тавилаа л гээд байдаг шүү дээ. 
-Үеийхнийхээ тийм үгнээс жаахан ичээд байдаг. Гэхдээ би таны хошигнолыг ойлгож байна. 
-Энд бол  янз бүрийн ажлыг жинхэнэ хийж сурдаг газар. Заримдаа бүр төсөөлөөгүй ажлууд руу ч ордог байх?
-Үнэндээ бол тийм. Заримдаа Онцгой байдлын чиг үүргийн ажил ч хийнэ. Эрүүл мэнд, боловсрол гээд орохгүй салбар байхгүй. Гэхдээ өөрт хуримтлуулсан туршлага дээр суурилаад ямар нэг байлдлаар гал гаргахгүйгээр олон нийтийн ажлыг зохион байгуулна. Манай баг ковидын онцгой нөхцөл байдлын үед зохион байгуулалтын ажлуудыг сайн түвшинд хийсэн гэж боддог.  
-Та бас их азтай хүн юм. МУИС-ийн Нийгмийн ухааны факультетыг улс төр судлалаар төгсөөд, ажлын гараагаа Шинжлэх ухааны академиас эхэлсэн юм билээ. Нийгмийн ухааны салбарын төгсөгчдөөс хамгийн шилдгүүд нь Шинжлэх ухааны академид  ажилд ордог. Тэр газраас таны ажлын гараа эхэлсэн байна. Тэнд юу сурав. Яг ямар газар юм. Одоо таны ажиллаж байгаа газраас шал өөр орчин шүү дээ. 
-Би үнэхээр азтай. Шинжлэх ухааны академи гэдэг бол аль улс оронд хамгийн том суурь, судалгааны байгууллага нь шүү дээ. 
-Тийм ээ. Өндөр эрэмбийн газар... 
-Шинжлэх ухааны академи 1990 оноос хойш их өөр болсон. Гэхдээ өмнөх үед  бэлтгэгдсэн нэртэй том эрдэмтэн судлаачид биднийг яг сургуулиа төгсөхөд буюу 2000 оны үед ажиллаж байсан. Тэр том хүмүүстэй уулзан учирч, хамт ажиллаж, тэднээс суралцах нь үнэхээр их аз завшаан юм. 
-Улстөрчдийн ажлын тал нь ярих гэдэг. Гэтэл та чимээгүй хүн юм. Энэ нь магадгүй таны Шинжлэх ухааны академиас авсан төлөвшил юм болов уу. Ер нь эрдэмтэд чинь нэг их гадагшаа цуураад байдаг хүмүүс биш шүү дээ?
- Үнэхээр өөр түвшин. Би дөнгөж сургуулиа төгссөн залуу ШУА-д хөл тавиад, тэр мундаг эрдэмтэн докторуудтай хамт дессертаци уншаад зогсож байгаадаа эхэндээ итгэж яддаг байсан. Тэр том газар их зүйлийг сурч мэдсэн. Миний бахархан санаж явдаг газар маань. 
-Тэнд сууж сурна биз. 
-Тэгнээ, сууж сурна. Уншиж сурна. 
-Гаднаасаа бол залуу хүнд уйтгартай ажил. Тэгэхэд та дөрвөн жил ажилласан байна. Тэгэхээр дурламаар сайхан газар байх л даа?
-Гоё гоё. Тэнд ажиллаж байхад манай академийнхан надад маш сайн байдаг байсан. Манай багш Жамбал гуай маань надад “Чи ном хөөх гээд байна уу, нам хөөх гээд байна уу. Ном хөөвөл өлсөж үхнэ гэж лав байхгүй. Нам хөөвөл харин яаж ч дуусаж мэднэшүү “ гэж хэлж байсан. Ер нь л тэд айхтар үг хэлнэ. Санаанд шууд хадагдах үг. 
-Нийслэлийн Иргэдийн хурал бол хотын парламент. Бас том сургууль. Та НИХ-ын төлөөлөгч. Нийслэлийн ИТХ дээр бас юм юм л болдог. Гэтэл тэнд зарим нь иргэдээ төлөөлж ажиллах ёстойгоо ойлгоогүй яваад байх шиг харагддаг. Улаанбаатараар улс төр хийнэ гээд давхиад байдаг. Ер нь таны хамт гар өргөж баталсан хамгийн хүнд шийдвэр юу байв. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гарсан шийдвэрийг дүүргийн Засаг даргын хувьд та өөрөө хэрэгжүүлэх болно шүү дээ. 
-Иргэдийн хуурал дээр Нийслэлтэй холбоотой чухал чухал шийдвэрүүд гардаг. Хамгийн сүүлд гэхэд авто машины тооны дээд хэмжээг хязгаарлах журмыг баталлаа. 720 мянган машин гээд... Ийм шийдвэрүүд бол амаргүй л дээ. 
-Танай дүүрэгт нийгмийн халамж шаардлагатай иргэд хэр олон байдаг вэ? 
-Бий бий. Гэхдээ манайх бусад дүүргээ бодвол тийм өрх хамгийн багатай. Ер нь манай дүүрэг нийслэлийн бусад дүүргээсээ гэр хороолол хамгийн багатай нь. Нийт хүн амын 15 хувь нь буюу 40 мянга орчим иргэн гэр хороололд оршин суудаг. Сүүлийн 2-3 жилд сургууль, цэцэрлэг, зам гээд гэр хороололд үндсэн дэд бүтцийн асуудлыг шийдлээ. Харин гэр хороолол биш байшин хороололд бол амьжиргааны түвшин доогуур хүмүүс байна. Харахад л байртай болохоос бас л хүнд аж амьдралтай. Тэгэхэд эсрэгээрээ гэр хороололд сайхан амьдардаг, амьжиргаатай айл зөндөө бий. 
-Амьжиргааны түвшнийг бас шууд гадаад хэлбэрээр тодорхойлоход хэцүү... 
-Яг тийм. Байшин хороололд амьдардаг зарим иргэд аав ээжээс байр нь өвлөгдөөд ирчихсэн. Өөрсдөө юм хийдэггүй. Амьдрал нь бүр уначихсан. Тэгэхэд гэр хорооллынхон маань хөдөө орон нутгаас шилжиж ирээд амь уухын төлөө зүтгэж амьдралаа босгодог.  Хэдийгээр гэр хороолол утаатай боловч тэнд хүмүүс ажил хийгээд, амьдрал буцалж л байдаг. 
-Сургууль цэцэрлэгийн хүртээмжийн талаар? 
-Манай дүүрэгт улсын 19 сургууль, 38 цэцэрлэг бий. Ер нь сургууль, цэцэрлэгийн хүртээмж сайн. Дээр нь сүүлийн жилүүдэд гэр хорооллуудад сургууль, цэцэрлэг нэлээд олон баригдсан. 9, 10, 23-р хороонд шинэ сургуулиуд баригдлаа. 
-Хэдэн шинэ сургууль, цэцэрлэг ашиглалтад оров? 
-2021-2024 онд боловсролын салбарт 172,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Тухайлбал сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 26 төсөл арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн байна. Ингэснээр 13 сургууль, 13 цэцэрлэгийн барилга байгууламж шинээр барих төслийг хэрэгжүүлж, үр дүнд нь сургуулийн суудлын тоо 7,600, цэцэрлэгийн орны тоо 2,400-аар нэмэгдсэн байна. Би их азтай. Намайг Засаг даргаар ажиллаж байх үед олон жилийн өмнө эхэлсэн ч гацчихаад байсан олон сургууль, цэцэрлэг ашиглалтад орлоо. Олон жил гацаад явдаггүй байсан ажлуудыг бараг бүгдийг нь гүйцээж хийлээ шүү дээ. Энэ бол Засгийн газрын бодлого шийдвэр хүндээ хүрч, хөрсөн дээрээ хэрэгжсэний илрэл.  Яагаад гэвэл сургууль цэцэрлэг бол нийгмийн гол үйлчилгээг үзүүлдэг салбар. Гэтэл энэ салбарт тулгамдсан, хуралдсан олон асуудлуудыг шийдсэн.  Хөрөнгө оруулалт зогсож гацсан байсан сургууль цэцэрлэгийн барилгууд бүгд өнгөрсөн гурван жилд гацаанаас гарсан. 
-Танай дүүрэгт шинээр зам тавьсан уу? 
-Тавьсан. 2021-2023 онд төв болон туслах зам, хороолол дотор болон гэр хороололд гээд нийт 100 гаруй байршилд 33,2км авто замыг шинээр тавих болон өргөтгөн шинэчилсэн байна. Зөвхөн 2021 онд авто замын зургаан  багц төсөл арга хэмжээний хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төв болон туслах гудамж, замын дагуу 22,7км авто замыг өргөтгөн шинэчиллээ. Ингэхдээ, орон сууц, сургууль орчимд 9,3км, гэр хороололд 3,3км, төв болон туслах 10,1км замыг өргөтгөн, шинэчилсэн. 2022 онд нийт долоон байршилд 6,6км авто зам, 2023 онд нийт 10 байршилд 3,9км авто замын засвар шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Өнөөдрийн байдлаар хороололд тавьж байсан зарим замын ажил газар чөлөөлөлтийн ажлаас шалтгаалаад түр зогссон байгаа. 
-Гандангийн төлөвлөлт ямар түвшинд яригдаж байгаа вэ. Гандангаа гоё цогцолбор болгочих юмсан гээд үе үеийнхэн ярьсаар ирсэн. Гэвч нэг л хөдлөхгүй юм аа. 
-Гандангийн асуудлыг үе үеийн Засгийн газрын тэргүүн, хотын удирдлагууд, дүүргийн дарга нар онцгой анхаарч судалдаг. Сая Ерөнхий сайд  бас анхаарна гээд дүүрэг дээр ирж ажиллахдаа ярьж, тодорхой төсөв суулгасан. Гэвч Гандан орчимд нэг том асуудал байгаа, тэр бол газар олголт. Газрыг нь жижиглээд өгчихсөн. Түүнээс болж бэрхшээл гардаг. Эхлээд энэ бүсэд нэг ажил хийх гээд байгаа юм. Гандангийн хашаа тойроод гурван метрийн тойрогт газар чөлөөлөлтийн ажлыг хийнэ. Уг нь энэ бүс бол өв соёл тээсэн улсын түүхэн дурсгалт, онцгой объект. Модон хийцлэл ихтэй.  Гэхдээ галын аюулгүй байдал талаасаа хэцүү. Битүү цахилгааны утас хэрчихсэн. Тиймээс Гандангийн хашааг тойруулаад гурван метрийн радус үүсгээд тойрог гаргаж, газар чөлөөлнө. Хэрэв та санаж байгаа бол булан эргээд аюултай зам байдаг. Тэрийг хүртэл  чөлөөлөх гээд ярьж байна. 
-Уг нь тэр бүсийг бүтэн орон зайгаар нь чөлөөлчихмөөр санагддаг. Гэр хорооллыг барилгажуулах ажлыг Гандангаас эхэлмээр санагддаг. 
-Тийм ээ. Санал нэг.
 
-Танай дүүрэг үйлдвэржилт байхгүй. Үйлдвэрийн бүс биш.  Дүүргийн төсөв бүрдүүлэлтийн талаар сонирхмоор байна.
-Дүүргийн төсөв бүрдүүлдэг гол хүчин зүйл нь татвар. Дүүрэг өөрөө орлого олдоггүй. Хэдэн байрны түрээс л байна.  Ер нь манайх хүн амын орлогын албан татвараар төсвөө бүрдүүлдэг. Мөн манай дүүргийн оршин суугчдын ихэнх нь ажил хөдөлмөр эрхэлдэг. Дээр нь жижиг гэлтгүй үйлчилгээний байгууллага ихтэй. 3, 4-р хороолол, 10-р хороолол, төмөр зам дагасан жижиг цайны газраас эхлээд дэлгүүр, үйлчилгээний төв олон. Тэндээсээ л дүүргийн төсвөө бүрдүүлж байгаа юм. Гэхдээ сайн мэдээ бий. Энэ нь манай дүүргийн төсөв бүрдүүлэлт жил дараалан өсөж байна. Бид 2021 онд, 113.7 тэрбум, 2022 онд 162.7, 2023 онд 188.2 тэрбум төгрөгийн төсөв батлуулсан бол энэ онд 268.6 тэрбум төгрөгийн төсөв батлууллаа.  2023 онд дүүргийн орлого давж биеллээ. Үүнийг би Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй төсвийн бодлого, шийдвэрүүд зөв, оновчтой байж, иргэд, аж ахуй нэгжүүддээ хүрч чадсаны үр дүн гэж харж байна.  Иймээс ч бид төсвийн тодотголоо батлуулж, иргэд, оршин суугчид руугаа чиглэсэн олон ажлыг хийхээр төлөвлөсөн. 
Мөн худалдааны гол бүс болох 3, 4-р хорооллын үйлчилгээний байгууллагуудаа илүү гоё болгож, орлого үйлчилгээг нь илүү сайжруулахын төлөө хичээнэ. Л.Энэбиш болон Ард Аюушийн өргөн чөлөөний замыг засна. Дээрх замуудын хоёр талаар 500 орчим автомашины зогсоолыг засаж шинэчлэхээр төлөвлөсөн гээд дүүргийн төсөв бүрдүүлдэг гол бүс рүүгээ чиглэсэн олон ажил хийнэ. 
-Уг нь 3-4 хороолол бол манай хотын хамгийн гоё гудамж байлаа. Одоо гэтэл хуучны орон сууцны байрнуудын цонхыг нь хаагаад тэр чигтээ үйлчилгээний төвүүд босгочихсон. Оршин суугчид цонхоороо юм харахаа болиод удаж байна? 
-Таны хөндөөд байгаа энэ асуудал яг одоо Засгийн газар, нийслэлийн түвшинд яригдаж байгаа өнгөрсөн 30 жилийн буруу тогтолцооны гажуудал гэдэг чинь шүү дээ. 
-Одоо тэгээд яах ёстой юм бэ?
-Хурдан хийж болох юм нь орон сууцны нэг давхрын байрнуудын цонхыг хаагаад барьсан гаражуудыг буулгаж, газар чөлөөлөх ажил. Манай энэ бүсэд гэхэд Ханбүргэдэй дэлгүүрийн ард “Астра” худалдааны төв орчмын гаражууд нэг давхрын айлуудын цонхыг хаачихсан байсныг чөлөөлөөд байгаа. 
-Ер нь гаражуудаа боломжит түвшинд бүгдийг нь чөлөөлчихсөн үү? 
-3000 орчмыг чөлөөлсөн. Цаана нь 1000 орчим бий. Бөөн хэл ам болдог. Гэхдээ энд нэг зүйл байгаа нь өмнөх Засаг дарга нар гараж чөлөөлье гээд нэлээд үздэг байсан ч чадаагүй. 20-30 жил болчихсон гаражууд тухайн үедээ үүргээ гүйцэтгэчихсэн шүү дээ. Одоо харахад гараж байсны нэг сайн тал нь газрыг маш сайн хадгалж үлдсэн. Би бол үүнийх нь төлөө баярлалаа гэж хэлмээр байдаг. Даанч тэр хүмүүст би зөрүүлээд нөхөн олговор өгөх боломжгүй. Магадгүй газар нутаг ихтэй дүүрэг байсан бол тэр иргэддээ ядаж зуслангийн газар өгөх юмсан гэж боддог юм. 
-Чөлөөлсөн газрууд тань эргээд бусдад өөр зорилгоор олгогдчихсон юм биш биз дээ?
-Үгүй ээ, чөлөөлсөн газрууд дээрээ нэг ч газар олгоогүй. Хэрэв та мэдэж байгаа бол хорооллын хүнсний захын урд талын зам, сургуулийн ард гэхэд маш олон гараж байсан. Тэр зам дээр муухан жолооч зөрж өнгөрөхөд толио шүргэлцдэг байсан. Харин тэр хавийн гаражийг чөлөөлснөөр 100 гаруй машины зогсоолтой, өргөн гоё замтай болгосон. Арктай шар, Голден парк байна. Галын машин орох зайгүй л байсан шүү дээ. Гараж буулгаад газар чөлөөлөнгүүт тэр газар эргэлтэд орчихож байгаа юм. Өмнө нь 50 машин тавьдаг байсныг 100-200 машины зогсоол болгоод өгөхөөр эргэлтэд ороод аятайхан болсон. 
-Танай энэ тамгын газрын байр маш муу юм. Өргөтгөл нь хүйтэн юм. Төрийн албан хаагчид учраас хүйтэн гэлтгүй ажиллаад байдаг байх даа 
-Манай үндсэн гурван давхар барилга бол маш муудсан. 2021 онд энэ өргөтгөлийг бариад хүзүүвчээр холбочихсон. Хүйтэн нь үнэн. 
-Танай дүүрэгт ногоон байгууламж байгуулах хэр боломжтой вэ. Ерөнхийлөгч маань “тэрбум мод” хөтөлбөр хэрэгжүүлээд явж байгаа. Энэ ажлыг нь хэр дэмжиж байна даа? 
- Миний баримталдаг зарчим бол модыг эзэнтэй газар тарих ёстой гэж үздэг. Би БОАЖЯ-нд ажиллаж байсан. Бодлогын газар ажиллаж байсан учраас багагүй ойлголттой. Дүүргийнхээ онцлогт тохируулаад ногоон байгууламжаа нэмэхээр ажиллаж л байна. Тухайлбал, манай дүүрэг байшин хороолол ихтэй. Жижиг газар нутагтай. Хоёр тийшээ тэлэх ямар ч боломжгүй. Хэдий тийм ч хуучны төлөвлөлт сайтай хорооллуудтай, сургууль цэцэрлэгийн хүртээмж сайтай. Түүнийгээ дагаад ногоон байгууламж болгох хашаа олон. Бид судалсан. Сургууль, цэцэрлэгийн хашааны ногоон байгууламж ямар байна вэ гэж. Үнэндээ хангалтгүй, муу байсан. Богино хугацаанд гоё ургадаг суулгацууд бий. Шилдэг технологиудыгг судлах ёстой. Ногоон байгууламж бол хотод ус агаар шиг хэрэгтэй зүйл. Өчигдөр гэхэд Сөүл хотод 1000 цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэр гаргалаа гэж мэдээлж  байна лээ. Тэгэхээр манайх ногоон байгууламжаа л нэмэгдүүлэхүй бол хотод хүнийг стресдүүлэх зүйл маш их шүү дээ. Сургууль цэцэрлэгийн орчноо ногоон болгох хэрэгтэй. Хуучин цагт цэцэрлэгжүүлэгч гэж тусгай мэргэжил хүртэл байсан юм билээ. Одоо л хэрэгтэй байна даа.
-Ийм хүн хотод хэрэгтэй байхад гадаадад энэ чиглэлээр төгсөөд ирсэн залуус ажилд орж чадахгүй л байна шүү дээ. Би сэтгүүлч хүн болохоор маш олон хүнтэй уулздаг. Ногоон байгууламжаар “өвчилчихсөн” ногоон байгууламжийн инженер мэргэжлийг гадаадад эзэмшсэн залууд ажил олдохгүй сэтгэл өвдөөд явж байна. Бүр яам нь ойлгодоггүй юм шүү дээ. 
-Харамсалтай байна. Манай дүүрэг дээр гэхэд ногоон байгууламж хариуцсан нэг л хүн байна. Бид үнэндээ өдөр тутмын хэт тулгамдсан асуудлуудтайгаа зууралдаад байна. Гэтэл бид бүгдийг л хийх шаардлагатай байна. Хүн хүч дутмаг байдаг. Ялангуяа чухал мэргэжлийн хүмүүс дутмаг. 
-Тийм шүү дээ. Бүх юм л урвуу яваад байна. Танай дүүрэг хогны асуудлаа яаж шийдэж байна вэ?
 -Уг нь хоггүй байх боломж бий. Гэхдээ 100 хувь шийдэж чадаагүй л байна. Энэ жил нэлээд өөчлөлт хийнэ. Удахгүй үр дүн гарна. Хувийн хэвшлүүдэд шилжүүлж байгаа. 
-Танай дүүргийн гол гудамжинд үүргийн худалдаачид их байдаг. Хулдаас татчихсан наймаа хийгээд байдаг. Энэ хүмүүс байх ёстой юу?
 - Хот хөгжиж байна. Магадгүй тэр хүмүүст зориулсан худалдааны гудамж гаргаж өгөх шаардлагатай байх. Би бол хөөх туух тухай огт боддоггүй. Тэд ч гэсэн манай төв гудамжны нэг өнгө төрх шүү дээ. Гэхдээ орчноо хайрлаж, цэвэр цэмцгэр, ёс зүйтэй ажиллах ёстой. 
-Мэдээж тэндээс хүмүүс амьжиргаагаа залгуулж байгаа болохоор шууд шийдвэр гаргах хэцүү байх. Ер нь та дүүргээрээ их явах уу? 
-Их явна аа. Хотхон, хорооллуудаараа их явна шүү. Бид өнөөдөр хот төлөвлөлтийн алдаатай бодлогын золион дээр л ажиллаж байна.Тэглээ гээд гонгинохгүй. Харин гарц гаргалгааг олох ёстой л гэж боддог.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn