Нэр дэвшигчдээс амьдралд наалдах хууль л нэхээрэй
Энэ долоо хоногт УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчид тодорч эхэлнэ. Горилогчид нэр дэвшигч болж “дэвшинэ” гэсэн үг.
Ингэхэд мажоритар системээр бүсчилсэн том тойргоос сонгогдон гарч ирэх 78, намуудын жагсаалтаар буюу пропорционалиар парламентад суух 48 гээд энэ 126 хүн яг сонгогдож гараад ямар ажил хийх вэ гэдгийг сонгогчид санал өгөхдөө сайн бодоорой. Одоо бол нэр дэвшигчид сурталчилгаанд мордохдоо дийлэнх нь “Би дахиад мал барихгүй” гэж хонин сүрэгт амлах боохой мэт, “Ахиад энэ насандаа хулгана зооглохгүй” хэмээн оготнууд эгнүүлж суулгаад амлаж буй муур багш шиг л аашилна. Хотонд чинь харайж орж хурга, ишиг үнсэнэ, хүүхэд багачууд өхөөрдөж эрхлүүлнэ, хөгшид настны тохойг түшиж халамжилна. “Эвий, та нар минь” хэмээн 18 хоног уянгална. Дансанд чинь хоногийн хоолны мөнгө шилжүүлснээ насан турш идэх хөрөнгө үлдээсэн мэт аяглана. Гэнэн сонгогчид нь түүнийг аваад ганц хоног Арабын шах мэт тансаглана, архи дарс ууна, ар гэртээ хайртай нэг нь нэг, хоёр орой хагартлаа хооллоно биз. Ингээд саналаа тэр “хайрхан”-даа өгөөд шанд нь дөрвөн жил бүсээ чангалах хэрэг гарна.
Ингэхэд УИХ-д ороод яг юу хийх, ямар зорилготой дөрвөн жил болохоо ч сайн ухаагүй нэр дэвшигчид энэ мянгаар тоологдох горилогчид дотор байж л байгаа. Төрийн түшээгийн сэнтийд залраад авбал баахан уянгалж, попорч, хэвлэлийн бага хурлаар өөрийгөө рекламдаж, эсвэл амандаа ус балгасан мэт таг чимээгүй, бүр тийм гишүүн байдаг эсэх нь ч бүү мэд эхний хэдэн жилээ өнгөрөөх нөхөд бий. Өмнөх парламентуудын, бүр тойргоос сонгогдсон 76 гишүүн дотор зөвхөн энгэрийн тэмдгээрээ л гишүүн гэж ялгарах төдий таг чиг дөрвөн жил болсон нөхөд байж л байсан юм чинь одоо бүрдэх 126 дотор живж алга болох бүр амархан биз. Ялангуяа жагсаалтаар орж ирэх 48 дотроос сураггүй алга болох бүр ч хялбар.
Ийм байдлыг давтахгүй тулд тойрогт нэр дэвшээд очиж буй нөхдөөс эрхэм сонгогчид минь зөвхөн амьдралд наалдах хууль л нэхээрэй. Наад нөхдийн чинь хийх ажил ердөө л хууль боловсруулах, хэлэлцэх, батлах, баталж гаргасан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавих. УИХ гэдэг газар өөрөө хууль тогтоох дээд байгууллага. Тэрнээс биш хурга, тугалтай нааддаг, хүүхэд багачуудтай нуугдаж тоглодог газар биш. Хашаа хороо, худаг ус, сургууль, цэцэрлэг барих зэрэг чинь гишүүний ажил огт биш, Засгийн газар, орон нутгийн засаг захиргааны хийх ажил. Гагцхүү улсын төсвийг нь л УИХ-ын гишүүд ухаантай батлаад өгвөл гүйцээ.
Хууль хуульдаа бүр иргэдийн хэтийн амьдралд хэрэгтэй, үр хүүхдэд чинь үе дамжаад нэмэртэй, оршин суугаа газрын тань хөгжил дэвшилд, Монгол Улсын алс ирээдүйд гарц нээх, тийм л хууль нэхэх хэрэгтэй. “Та бидний төлөө яг ямар хуулийн төсөл санаачлан батлуулах вэ. Улс орны амьдралд ямар хууль дутагдаж байна вэ” гэж сайн лавлаарай.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн Гуравдугаар зүйлд Улсын Их Хурлын үндсэн зорилт, чиг үүрэг, бүрэн эрх, зарчмыг тодорхойлсон байгаа. Тэнд,
3.1.Улсын Их Хурлын үндсэн зорилт ард түмний төлөөллийн дээд байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангахад оршино.
3.2.Улсын Их Хурал хууль тогтоох, төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох, хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үндсэн чиг үүрэгтэй.
3.3.Улсын Их Хурал Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан онцгой болон хуулиар тогтоосон бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
3.4.Улсын Их Хурлын үйл ажиллагаа нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчимд нийцсэн, бие даасан, нээлттэй, ил тод байх, цөөнхийн саналыг хүндэтгэн асуудлыг олон талт үзэл бодлын үүднээс чөлөөтэй хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэх зарчимд үндэслэнэ гэжээ.
Гишүүний бүрэн эрх хэмээх наймдугаар зүйлд зааснаас үзвэл УИХ-ын гишүүн нь 8.1.1.хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл санаачлах;
8.1.3.санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг өөрийн саналаар татаж авах;
8.1.4.нэгдсэн хуралдаанд болон өөрийн харьяалагддаг Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд таслах эрхтэй оролцох;
8.1.5.төрийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, улсын төсвийг хэлэлцэн батлахад Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасан хүрээнд санал гаргах;
8.1.9.хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух, байр сууриа илэрхийлэх, санал гаргах, санал хураалгах;
8.1.10.Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх саналыг Байнгын хороонд оруулах;
8.1.11.Ерөнхий сайдыг огцруулах саналыг Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын бусад гишүүнтэй хамтарч гаргах;
8.1.12.нийтийн сонсгол зохион байгуулах санал гаргах;
8.1.13.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад асуулга, асуулт тавьж хариуг хуульд заасан хугацаанд авах, шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 38.3-т зааснаас бусад асуудлаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл санаачлах;
8.1.14.хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн талаар иргэд, байгууллагаас ирүүлсэн саналыг судлан үзэж, шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 38.3-т зааснаас бусад асуудлаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл санаачлах, шаардлагагүй бол энэ тухай хариуг бичгээр өгөх;
8.1.15.иргэн, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг судлан хариу өгөх, эсхүл харьяаллын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжилж энэ тухай хариу мэдэгдэх;
8.1.16.хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл шаардаж авах;
8.1.17.бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ аль ч байгууллагад чөлөөтэй нэвтэрч, хэнтэй ч хүлээгдэлгүй уулзах, шаардлагатай асуудлаар тайлбар, мэдээлэл авах;
8.1.18.онцгой чуулган зарласан бол зар хүлээлгүйгээр нэн даруй хүрэлцэн ирэх;
8.1.19.төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалсан нууцыг чанд хадгалж задруулахгүй байх;
8.1.20. өвчтэй, чөлөөтэй, дотоод, гадаадад томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд товлосон хугацаанд хүрэлцэн ирж оролцох;
8.1.21.Улсын Их Хурлаас баталсан гишүүний ёс зүйн дүрэм, хуралдааны дэгийг чанд сахиж ажиллах;
8.1.22.чуулганы хуралдаанд үг хэлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байх;
8.1.23.гишүүн хэлэлцэх гэж байгаа асуудалтай шууд холбоотой үйл ажиллагааны дүнд өөрөө болон гэр бүлийн гишүүд нь орлого олж байгаа, эсхүл бусад хэлбэрээр ашиг сонирхлын зөрчилтэй бол тухайн асуудлаар хэлэлцүүлэг, санал хураалтад оролцохоос татгалзах;
8.1.24.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдвол хавсран ажиллах;
8.1.25.хөрөнгө, орлогын мэдүүлгийг тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэн зөв гаргах;
8.2.Гишүүн бүрэлдэхүүнд нь ороогүй Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд таслах эрхгүйгээр оролцож болно гэсэн ийм л хүрээнд ажиллах бүрэн эрхтэй.
Тэрнээс биш цагаан сараар бэлэг өгнө, сайн малчны тэмдэг, шагнал гардуулна. Одон медаль, аяга халбага, бидон сав тараана, дуулж бүжиглэж сонгогчдоо цэнгүүлнэ. Хорхог боодог идүүлж, амралтад амруулж, гадаад дотоодод аялуулна гэсэн үүрэг УИХ-ын гишүүдэд огтхон ч байхгүй шүү. Нэгэнт “чуулганы хуралдаанд үг хэлэхдээ бусдын нэр төрд халдахгүй” гэж байгаа учраас нэр дэвшиж сурталчилгаа хийх явцдаа ч өрсөлдөгчөө юм уу, бусдыг доромжилж, гутааж яваа бол тэднээс ёс зүй нэхэх учиртай.
Нэр дэвшээд инээд алдаад очиж буй нөхдөөс амьдралд нийцэх, алс хэтэд хэрэгтэй хууль, зөвхөн сайн хууль гаргаж, хэрэгжилтийг нь хянахыг л шахаж шаардаарай, сонгогчид минь.
https://news.zindaa.mn/4v5u