Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа

106
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус XIX хуралдаанаар нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа.

Ээлжит бус хуралдааны үеэр Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, эдийн засгийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг,Улаанбаатархот дотоодын зах зээлээсээ500 тэрбум төгрөгийн бонд босгохоор урьдчилан тооцоолсон. Уг бондоос 300 орчим тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Тодруулбал, Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ өнгөрсөн жилийн дундажтай харьцуулахад 11.3 хувиар өссөн бөгөөд цаашид хэрэглээ эрчимтэй нэмэгдэх хандлагатай байна. Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт орших Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блок буюу 300 мВт-ын хүчин чадалтай станцыг энэ оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулна. Бөөрөлжүүт цахилгаан станцын төсөлд нийт 555.3 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах бөгөөд одоогийн байдлаар 393.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж 75 хувийг гүйцэтгэлтэй байна. Тус төслийн дараагийн үе шатуудыг эрчимжүүлснээр станцын хүчин чадал 600 мВт хүртэл нэмэгдэх боломжтой.

Мөн бохир усны Туул-1 гол цуглуулагч шугамын төсөл, замын барилга, байгууламжийн төсөлд хөрөнгө оруулахаар төвлөсөн. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барьж буй шинэ төв цэвэрлэх байгууламжийн туршилтын тохируулгыг ирэх наймдугаар сарын 26-ны өдрөөс эхлүүлнэ. Төв цэвэрлэх байгууламжийг бүрэн ашиглалтад оруулахад Улаанбаатар хотын бохир усны Туул-1 гол цуглуулагч шугамын барилгын ажлыг дуусгаж, хамт ашиглалтад оруулах шаардлагатай. Уг шугам ашиглалтад орсноор ажиллаж байгаа гол цуглуулагч шугамын ачаалал 35 хувиар буурна. Түүнчлэн Гачуурт, Улиастай, Налайх, Амгалан, Шархад, Дамбадаржаа, Баянхошуу, Толгойт болон Баянголын аманд баригдаж буй орон сууцны хорооллын хэрэглэгчдийн бохир усыг хүлээн авах нөхцөл бүрдэх юм гэлээ.

Мөн тэрбээр, Улаанбаатар хот 1450 км хатуу хучилттай авто замтай. Сүүлийн жилүүдэд хүн ам, тээврийн хэрэгслийн тоо  нэмэгдэж байгаа нь авто замын сүлжээний  өнөөдрийн хэрэгцээ шаардлагыг төдийлөн хангаж чадахгүй байгаа. Цаашид ч уг тоо өсөх хандлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж буй. Тиймээс авто замын нэвтрүүлэх чадварыг сайжруулахын тулд гол болон туслах, орон сууцны хороолол доторх нийт 27 байршилд, 73.1 км урттай зам, ус зайлуулах хоолойн иж бүрэн бүтээн байгуулалтыг 150.0 тэрбум төгрөгөөр хийхээр төлөвлөсөн. Нийслэлийн дотоодын үнэт цаасыг 15-16.5 хувийн хүүтэй байхаар санал гаргасангэсэн мэдээллийг өглөө.


НИТХ дахь Хүн намын бүлгийн дарга Д.Гантулга:
-Улаанбаатар хотын төвлөрлийг сайруулах, түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, үер усны аюулаас урьдчилсан сэргийлэх зэрэг ажлуудыг цаг алдалгүй шийдэх, бүтээн байгуулалтын төслүүдийг санхүүжүүлэх нийслэлийн гадаад, дотоод бонд гаргахыг дэмжиж байна. Ингэхдээ үр ашигтай зарцуулах, тулгамдаж буй асуудлыг бодитоор шийдвэрлэх шаардлагатай. Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа нь зөв. Нийслэл үнэт цаас гаргаснаар дотоодын зах зээлд эерэг үр дүн гарна гэж үзэж байна. Мөн Монгол Улсад зээлийн хүү буурах чухал ач холбогдолтой гэлээ.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалтад “нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно” гэж заасан байдаг. Үүний дагуу Нийслэл үнэт цаас гаргах харилцааг Өрийн удирдлагын тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон Төв банкны тухай хууль зэрэг холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна. Нийслэл дотоод үнэт цаас гаргахдаа Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу НИТХ-аар хэлэлцүүлэн, шийдвэр гаргуулах, цаашлаад уг тогтоолын шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, улмаар Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржид бүртгүүлнэгэж  НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn