П.Сайнзориг: Энэ онд метроны суурь судалгаануудыг хийж, барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн
Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Хотын дарга Х.Нямбаатар НИТХ-д өргөн барьсан. Тодруулбал, метроны төслийг санхүүжүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тохижилт гэсэн гурван чиглэлээр төсөвт тодотгол хийхээр төлөвлөөд байна. Өнөөдөр энэ асуудлаар НИТХ хуралдсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоос зарим зүйлийг тодрууллаа.
-Нийслэлийн 2024 оны төсөвт ямар өөрчлөлт оруулахаар тусгасан бэ?
-Энэ удаагийн төсвийн тодотголд метроны асуудлыг шийдвэрлэхээр тусгасан. 2024 оны төсөвт метроны ТЭЗҮ-ийг боловсруулж, бэлтгэл ажлыг хангахад 180 тэрбум төгрөг төсөвлөж, бүтээн байгуулалтыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр баталсан. Тэгвэл өнгөрсөн оны эцэст Засгийн газраас шийдвэр гарч, метроны бүтээн байгуулалтыг нийслэлийн төсвөөс бүрэн санхүүжүүлэхээр болсон юм. Тиймээс гадаад болон дотоодын мэргэжилтнүүдтэй уулзаж, метрог хэрхэн богино хугацаанд, чанартай, аюулгүй, найдвартай гүйцэтгэх талаар ярилцсан. Энэ хүрээнд зөвлөх үйлчилгээнд 54.6 тэрбум төгрөгийг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхээр төсвийн тодотголд тусгаад буй. Мөн Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА-ийн хийж байсан урьдчилсан ТЭЗҮ-д тулгуурлан тендер зарлахаар болсон. Энэ жилийн хувьд бүтээн байгуулалтад 333 тэрбум төгрөгийг төсөвлөсөн бөгөөд мөн гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх юм. Зөвлөх үйлчилгээ авсны дараагаар тендерийн бичиг баримтыг боловсруулж, гүйцэтгэгчээ сонгон шалгаруулна. Зөвлөх үйлчилгээг хэрхэн сонгож, авахаас шалтгаална гэсэн үг. Урьдчилсан байдлаар энэ оны 6-9 дүгээр сарын хооронд гүйцэтгэгч компанийг шалгаруулна гэж тооцоолж байна. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар эхний ээлжид байршлын, гидрогеологийн гэх мэт суурь судалгаануудыг хийх шаардлагатай. Уг судалгаануудыг энэ онд хийнэ. Улмаар есдүгээр сар гэхэд барилгын ажлыг эхлүүлсэн байхаар төлөвлөж байна.
-Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?
-Өнгөрсөн хугацаанд нийслэлийн удирдлагын баг хүн амын нягтаршил ихтэй боловч улсын сургууль, цэцэрлэггүй байршлуудад сургууль, цэцэрлэгийн барилга барихаар аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, газар чөлөөлөх ажлыг эхлүүлсэн. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны “Хан хиллс” хотхон, Баянгол дүүргийн “Голден парк” хотхон, “Материал импекс” орчимд хувийн хэвшлүүдтэй тохиролцож, газар чөлөөлсөн учраас улсын сургууль, цэцэрлэг барих хөрөнгийг төсөвт тусгалаа. Тухайн байршлын онцлогоос шалтгаалж аж ахуйн нэгжүүдтэй янз бүрээр зөвшилцөж байна. Объект барьчихсан, хувийн өмч байгаа бол үнэлүүлж, нөхөн олговор олгох, газрыг нь авч байгаа бол өөр байршил дахь газраар солих, батлагдсан А даалгаврынхаа дагуу сургууль, цэцэрлэг бариагүй бол шаардлага хүргүүлэх зэргээр хууль ёсоор газар эзэмшиж буй эрх, өмчлөлийг зөрчилгүйгээр арга хэмжээ авч байгаа юм.
-Тохижилт, тэр дундаа явган хүний замыг сайжруулахаар төсвийн тодотголд тусгасан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх буюу явган хүний замыг сайжруулах, явган зорчих нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Зам өвөлдөө халтиргаатай, зундаа ус тогтдог зэрэг нь Улаанбаатар хотод явган зорчиход хүндрэлтэй байдаг. Иймд явган хүний замыг сайжруулж, иргэдийн хэрэгцээнд нийцүүлэх, эдэлгээ, чанар, насжилтыг уртасгахын тулд байгалийн чулуун хийцлэлтэй болгох юм. Монгол Улсад чулуун орд олон бөгөөд энэ чиглэлийн 20-иод аж ахуйн нэгж байна. Тиймээс валютыг Хятад руу урсгах бус, дотооддоо үлдээхийг зорьж дотоодын чулуун хийцлэлийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих ажлыг бодлогын хүрээнд авч үзэж буй юм. Энэ хүрээнд явган хүний замыг шинэчилж, сайжруулах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, гүйцэтгүүлэхээр 45.6 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Түүнчлэн Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна. Үүнтэй холбоотойгоор Урт цагааны чөлөөлсөн талбайд авто зогсоол, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг байгуулж, тохижуулах хөрөнгийг энэ оны төсөвт тусгасан.