Гурван сая доллараар байгуулсан эмийн агуулахыг хогийн цэг болгоод хугацаа нь дууссан эм, эмнэлгийн хэрэгслийг хадгалж байжээ

154

УИХ-ын Эмийн хянан шалгах түр хорооны гишүүд Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулахад шалгалт хийж ажиллажээ.
Улсын хэмжээнд онцгой байдлын үед хэрэглэх эрүүл мэндийн салбарын нөөцийн агуулах нь нэгдсэн бүртгэлийн системгүй, хүний нөөцийн дутагдалтай, КОВИД-ын үед ашиглагдаж байсан зарим өндөр үнэ бүхий эм, эмнэлгийн хэрэгслийн ашиглах хугацаа нь дууссан байхад уг агуулахад хүргэгдсэн зөрчил илэрсэн байна. Цаашид асуудал бүрийг холбогдох байгууллагад хүргүүлж, цаг тухайд нь арга хэмжээ авах шаардлагатайг сануулав. Гурван давхар, 1,000 м.кв талбайтай тус агуулахыг Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр 2021 онд барьж, ашиглалтад оруулжээ. 

Уг агуулах нь гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тэдгээрийн түүхий эд, вакцин био бэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйтгэлийн бодис, урвалж оношлуурыг хадгалах зориулалт бүхий улс орны стратегийн онцгой ач холбогдолтой объект.

Эрүүл мэндийн салбарын нөөцийн тус агуулах нь ЗӨСҮТ-ийн хашаанд байрладаг бөгөөд 20 гаруй нэр төрлийн найман тэрбум гаруй төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл хадгалагдаж байгаа аж. Олон улсын байгууллагын тусламжаар ирсэн эм, эмнэлгийн хэрэгсэл агуулахад зонхилон хадгалагддаг байна.
Ирэх сард эмийн үнийн өсөлтөд нөлөөлж буй гадаад дотоод хүчин зүйлийн талаар нээлттэй сонсгол зохион байгуулж, хяналт, шалгалтыг танилцуулан шаардлагатай тохиолдолд зарим асуудлыг тодруулахаар болжээ.

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах Түр хороог УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ахалж, Д.Батлут, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Б.Бейсен, Ц.Туваан нар гишүүнээр ажиллаж байгаа юм.
Тус агуулахыг цар тахлын үед эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцтэй байхад зориулж, Азийн хөгжлийн банкны 3 сая долларын тусламжаар Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвд хоёр жилийн өмнө шинээр байгуулж, ашиглалтанд оруулсан. Гэтэл агуулахад зөвхөн хугацаа нь дууссан, ашиглах боломжгүй болсон эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл хураагдсан байгааг түр хорооны гишүүд шүүмжлэв.

Түр хороон дарга, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Жишээ нь 165 сая төгрөгийн үнэ өртөгтэй, хугацаа нь дууссан тоцилизумаб (моноклонал эсрэг бие) тарилга байна. Ковидын үед хүндрэлд хэрэглэхээс гадна, хэрх (ревматизм) өвчний үед тарьдаг чухал тарилга энд байж байна. Татвар төлөгчдийн хөлс, хүч шингэсэн, их хэмжээний төсвөөр авсан тарилгыг хугацаа нь дуусахаас өмнө эмнэлгүүддээ хуваарилахад юу дутсан бэ? Мөнгө биш сэтгэл, ёс зүй, менежмент дутсан байна. Хэрх өвчтэй хүмүүст нэн хэрэгцээтэй, сар бүр тариулдаг тарилга хайран, татвар төлөгчдийн хөрөнгө салхинд хийссэн байна. Энэ мэт хүнээ мартсан, хариуцлагагүй явдлыг хэрхэвч өөгшүүлэхгүй” гэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn