Гадны аймгийн долоон мянга гаруй мал оторлож байна
Дорноговь аймгийн Иххэт, Эрдэнэ, Өргөн суманд Дундговь, Өвөрхангай аймгаас 11 өрхийн 38 ам бүлийн 6916 толгой мал отроор хаваржиж байна. Аймгийн Засаг даргын шийдвэрээр мал амьтны гоц халдварт өвчний эрсдэл ихтэй зарим аймгаас тус аймгийн нутагт мал амьтны шилжилт хөдөлгөөн хийх, отор нүүдэл зохион байгуулахыг 2022 оны зургадугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаагаар хориглоод байгаа юм.
Аймгийн ИТХ-ын 2020 оны 12 дугаар сарын 4-ний тогтоолоор Алтанширээ, Иххэт, Мандах, Сайхандулаан, Улаанбадрах, Хатанбулаг сумын 108,9 га бэлчээрийн газрыг сум дундын отрын нөөц нутгаар тусгай хэрэгцээнд таван жилийн хугацаагаар авсан байна.