Замын-Үүдэд архи, согтууруулах ундаа худалдаалахыг хоригложээ
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд гуравдугаар сарын 25-ны 00:00 цагаас дөрөвдүгээр сарын 05-ны 00:00 цаг хүртэл архи согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон Засаг даргын захирамж гарчээ. Шинэ төрлийн коронавируснээс урьдчилан сэргийлэх хийгээд Дорноговь аймагт тогтоогоод байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд дээрх шийдвэрийг гаргасан байна.
Хөл хорио тогтоосноос хойш тус суманд архи согтууруулах ундааны хэрэглээ ихсэж согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо нэмэгдсэн байна. Мөн цаг агаар дулаарч сургууль болон цэцэрлэгийн насны хүүхдүүд гудамж талбайгаар амны хаалтгүй тоглох сэлгүүцэх байдал гарч буй тул эцэг эхэд нь мэдэгдэж, хараа хяналтыг сайжруулах, халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлхийг сануулж байгаа аж. Энэ хүрээнд өдрийн 14:00-20:00 цагийн хооронд багш, ажилчдыг эргүүлийн үүрэг гүйцэтгүүлэхээр болжээ.