УИХ-ын сонгуулийг ямар тохиолдолд хойшлуулдаг вэ

743

Коронавирусийн халдвараас шалтгаалан улс орны эдийн засагт хүндрэл үүсч байгаатай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр ард түмэндээ хандан уриалга гаргалаа. Ерөнхийлөгч энэхүү уриалгадаа "УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэе" гэсэн олон нийтийн анхаарлыг татаж байна. Тэрээр "Хямрал хаяанд ирээд хаалга тогшиж байхад манай улс төрийн намууд ямар ч тооцоо судалгаагүй атлаа сонгуулийн том том мөнгөн амлалт өгч байгаа нь оргүй худлаас гадна тэд цаг үеэ огт мэдрэхээ байсны баттай шинж мөн. Манай улс төрийн намууд хийгээд түүний бараг бүх удирдагчид “улс төрийн хямрал нүүрлэсэн” гэж дүгнэсэн нь саяхан. Эдүгээ улс төрийн хямрал дээр эдийн засгийн даяар хямрал нэмэгдэж, давхар хямрал нүүрлэсэн нөхцөлд манай улс төрийн намууд амлалтын биш, хямралыг даван туулах хөтөлбөр гаргах нь зүйтэй. Намайг улс төрийн реформ хийнэ гэхэд намууд дургүйцэж байсан алдаагаа дахин давтахгүй гэж найдаж байна. Юуны өмнө улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, үүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах, энэ удаагийн УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэх арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй" гэсэн юм.
2020 оны улсын төсөвт УИХ-ын сонгууль зохион байгуулах зардал суусан. Сонгуулийг хойшлуулж 2020 оны хэдэн сард ч зохин байгуулсан төсөвт суусан, зарцуулах ёстой зардал нь гарч л таарна. Харин сонгууль зохион байгуулах хугацааг хойшлуулж, түүнээс өмнө төсөвт тодотгол хийх замаар сонгуулийн зардлыг хэмнэж болно. Ерөнхийлөгч ч үүнийг уриалж байгаа бололтой. Үүнтэй холбогдуулан УИХ-ын сонгуулийг ямар тохиолдолд хойшлуулахаар хуульчилсан байдгийг танилцуулъя. 
УИХ-ын сонгуулийн тухай хуульд сонгууль хойшлуулах зохицуулалтыг дараахь байдлаар тусгажээ.
9.4. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг хойшлуулж болно.
9.5. Сонгууль товлон зарласны дараа энэ хуулийн 9.4-т заасан онцгой нөхцөл бий болсон тохиолдолд Улсын Их Хурал ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зогсоож болно.
9.6. Улсын Их Хурал энэ хуулийн 9.4, 9.5-д заасан онцгой нөхцөл арилсны дараа ажлын долоон өдөрт багтаан, санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө ээлжит сонгуулийг товлон зарлана.
Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт онцгой нөхцөл байдал гэдгийг дараахь байдлаар тодорхойлсон байна.
25.2. Дараахь онцгой нөхцөл бий болсон үед үр дагаврыг нь арилгах, хүн ам, нийгмийн амьдралыг хэвийн болгохын тулд онц байдал зарлаж болно:
1) улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон;
2) Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсон.
25.3. Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь нийтийн эмх замбараагүй байдал үүсч, зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн, тийм мөргөлдөөн гарах бодит аюул бий болсон, бусад улсаас цэргийн хүчээр түрэмгийлэн халдсан, эсхүл тийнхүү халдах нь бодитой болсон үед дайны байдал зарлаж болно.
Эдгээр хуульд заасны дагуу УИХ-ын сонгуулийг хойшлуулж болох ч одоогоор хойшлуулах онцгой нөхцөл байдал үүссэн үү, үгүй юү гэдэг нь анхаарал татаж байна. Ямартай ч Ерөнхийлөгчийн дээрх уриалга ойрын хугацаанд өрнөх улс төрийн гол сэдэв байх бололтой.
ЭХ СУРВАЛЖ: EAGLE.MN
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn