Монгол даяар мал сүрэг нь шүлхийд нэрвэгдээд байхад З.Мэндсайхан сайд та ажлаа хийнэ үү!

442

2021 онд 17 аймгийн 90 гаруй сумын 159 голомтод малын шүлхий өвчин бүртгэгдсэн байна. Одоогоор халдварын 97 голомт буюу 10 аймгийн хорио цээр бүрэн цуцлагдсан талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард мэдээлсэн. Шүлхий өвчний голомттой байгаа аймгийн малчидтай холбогдож ярилцлаа.

Вакцины нөөцөө хангалттай бүрдүүлж, эртнээс орон нутгууддаа хуваарилсан бол арай ч иймдээ тулчихгүй байлаа
Архангай аймаг улсын хэмжээнд хамгийн олон үхэр тоолуулсан. Гэтэл шүлхий өвчин замаа алдаж, бүх сумдад тархжээ. Үүний гол шалтгааныг вакцинтай шууд холбон тайлбарлаж байна. Орон нутгийн хэмжээнд шүлхий өвчний эсрэг вакцины нөөц хомсодсоноос өвчин ийнхүү даамжирсан гэнэ. Газар дээрээ нөхцөл байдал ямар байгааг зарим сумдын удирдлагуудтай холбогдож тодруулахад “Ер нь хүнд байна шүү. Хөл хорио тогтоогоод байгаа хэрнээ дийлэхгүй байна. Энэ бол Засгийн газар, Хөдөө аж ахуйн яамны бодлогын алдаа. Вакцины нөөцөө хангалттай бүрдүүлж, эртнээс орон нутгууддаа хуваарилсан бол арай ч иймдээ тулчихгүй байлаа. Тэгсэн хэрнээ телевизээр “Вакцины нөөц хангалттай байгаа” гэж худлаа ярьцгаах юм. Гэтэл малчид дарга, сайд нарын ярьсанд итгээд биднээс вакцин шаардаад байна.
“Дээрээс вакцин ирүүлсэн гэсэн. Та нар яагаад хийхгүй байгаа юм. Танил талдаа хийсэн үү” гээд л үл ойлголцол, төөрөгдөл давхар давхар үүсээд байна шүү дээ. Шүлхий өвчин тархаж байгаа өөр нэг шалтгаан бол иргэд өөрсдөөсөө болоод байгаа. Шинэ жилийн баяраа тэмдэглэх гэсэн хүмүүсийн хөл хөдөлгөөн ихэссэнээс үүдэж шинээр голомтууд үүссэн. Шүлхий өвчин хүний гутал, хувцсаар хүртэл дамждаг. 20 сек/метрийн хурдтай салхилахад тархдаг. Ялангуяа зам дагасан байрлалтай айлуудын мал хамгийн түрүүнд өвчилж байна. Манай иргэд, малчид бас ухамсартай байж, хөл хорионы нөхцөлийг чанд сахимаар байгаа юм. Шүлхий туссан үхэрнүүдэд одоогоор шинж тэмдгийг нь дарах эмчилгээ л хийж байна” гэлээ.

Малчин А.Нямжаргал: Малчдаас дор боловсролтой хүмүүс мэргэжлийн яамудирддаггүй л байлтай

Архангай аймгийн Хангай сумын малчин А.Нямжаргалтай холбогдож дараахь тодруулгыг авлаа.
-Танайх хэдэн үхэртэй вэ?
-Манай хот таван айлтай. Тус бүрдээ 30-50 үхэртэй.
-Шүлхий өвчний дэгдэлт ямар байна вэ?
-Малчдын шүдний өвчин боллоо. Үнэхээр коронагаас илүү шүлхийнээс айж байна. Малчдын гол амьжиргаагаа залгуулдаг зүйл бол энэ хэдэн малын маань буян шүү дээ. Гэтэл аймшигт тахлаас илүү шүлхий өвчин Монгол орон даяар нөмөрлөө. Төр засаг нь ямар шийдвэр гаргахаа мэдэхээ байчихсан, сум орон нутаг нь тэднийхээ амыг хараад ангайсан хэдэн улс л сууна. Хөл хорио тогтоогоод ч нэмэр алга. Энэ муу шүлхий чинь салхинд туугдаад л халдварладаг айхавтар өвчин юм. Хэдэн мал, малчдыг үнэхээр туйлдуулж дууслаа.
-Өвчилсөн малыг устгалд оруулж байгаа юу?
-Манай залгаа сумдад битүү шүлхий тархчихлаа. Өмнө манай сумдад гарч байгаагүй. Одоохондоо шүлхий туссан үхэрт эмчилгээ хийгээд л байгаа. Малчдын хувьд гол итгэл найдвар нь вакцин болчихоод байна. Гэхдээ вакцин хийлгэсэн малыг зургаан сарын дараа хүнсэнд нийлүүлнэ гэсэн төр засгийн шийдвэр гарсныг малчид хүчтэй эсэргүүцэж байгаа. Яагаад гэвэл арав, арваннэгдүгээр сард шүлхий тусаад эдгэрсэн малыг хавар хүнсэнд тушаах юм бол юу болох вэ. Хаврын тарчиг цагт мал тураг байх нь ойлгомжтой шүү дээ. Малчдад хамгийн их хохиролтой. Мэргэжлийн яам нь яагаад энэ зэргийг бодож, тооцоолдоггүй юм бэ. Малчдаас долоон дор боловсролтой хүмүүс суудаггүй л байлтай. Ядаж намрын цагт хүнсэнд нийлүүлбэл хэн хэндээ тустай. Мал ч тарган байна. Эдийн засгийн хувьд ч малчдад дэмтэй.
-Шүлхий тусаад эдгэрсэн малыг зургаан сарын дараа хүнсэнд нийлүүлнэ гэсэн шалтгааныг юу гэж тайлбарлаж байх юм?
-Нэгэнт шүлхий өвчин тусаад эдгэрсэн мал вирусийг нь тээгээд явж байдаг юм байна л даа. Зургаан сарын дараа сэдэрдэг гэнэ. Голомт үүсчихдэг болохоор заавал устгалд оруулах шаардлагатай гэсэн тайлбарыг өгч байгаа юм. Тийм л юм бол вакциныхаа хангамжийг сайжруулах хэрэгтэй. Намар эрт өвчлөөд эдгэрсэн малаа одоо вакцинжуулах ёстой. Тэгэх юм бол ядаж намрын налгар цагт тарга тэвээрэг сайн авсан малаа хүнсэнд нийлүүлэхэд гомдох юм алга. Төр засаг өөрсдийнхөө алдаатай бодлогыг малчдад үүрүүлж болохгүй шүү дээ. Дарангуйллын хэлбэрээр бусдын хувийн өмчид дураараа халдаж байна. Малчдын сэтгэл зүй үнэхээр хүнд, бухимдалтай байгаа хэмээсэн юм.

Өмнөговь аймгийн Сэрвэй сумын засаг дарга Б.Батсайхантай ярилцав.
-Танай суманд хэзээ малын гоц халдварт өвчин бүртгэгдсэн бэ?
-Өнгөрсөн оны аравдугаар сарын 12-ны өдөр анхны дуудлага ирсэн байх аа. Бид 2-3 хоног малыг нь үзээд шинж тэмдэг нь адилхан бол, малаас нь дээж авч шинжилгээнд явуулсан. Шинжилгээгээ аймаг руу явуулж, аймгаас хотын төв лаборторид очоод эцсийн хариу гардаг юм байна лээ. Нэг долоо хоногийн дараа хариу нь ирж шүлхий гэдэг нь батлагдсан. Тэгээд хөл хорио тогтоосон.
-Тухайн үедээ өвчлөл илэрсэн малд ямар эмчилгээ хийсэн юм бэ?
-Яг заагаад тогтчихсон эмчилгээ байдаггүй юм байна лээ. Мал өөрийн дархлаагаараа эдгэдэг. Малчид өөрсдөө цагаан, шар тариа авч хийгээд байгаа.
-Мал устгалд оруулсан уу?
-Устгалд оруулаагүй. Мал өвдөж, устгалд оруулж хоргодсон зүйл байхгүй.
-Одоо малын өвчин бүрэн эдгэсэн үү. Ямар нэгэн асуудалгүй байгаа юу?
-Жаргалант, Баянгол, Хайрхан багууд эдгэсэн. Далан, Булаг багуудад шинж тэмдэгтэй малууд байгаа. Ерөнхийдөө хумисан.
-Хэрвээ малыг устгалд оруулсан тохиолдолд малчдад нөхөн төлбөр олгодог уу?
-Бид устгах арга хэмжээ авахаар болж, нөхөн төлбөрийн асуудлыг сөхсөн ч тэр нь олдохгүй юм ярьсан. Одоо ерөөсөө тийм мөнгө улсад байхгүй гэсэн. Өчнөөн мал устгана. Түүний нөхөн төлбөрт Засгийн газраас олгоход хэцүү болчихоод байгаа юм шиг байна лээ.
-Урьд нь нөхөн төлбөр өгдөг байсан уу?
-Урьд нь өөр аймгуудад гоц халдварт өвчин гарахаар устгадаг байсан. Нөхөн төлбөр олгодог байсан л гэсэн. Яг манай суманд урьд нь гарч байгаагүй болохоор сайн мэдэхгүй л байна.
-Танай суманд өвөлжилт хэр байна вэ?
-Манай сумын нутаг бараан байна. Нутгийнхаа хойд хэсгээр л жаахан цастай. Бусад газраар цас байхгүй. Малын ундгүй болсон. Нэг усан дээрээ мал нь бүгд шавчихсан. Малчид нь мөс ачдаг, төвийн худгаас усаа зөөдөг. Зарим нь эндээс ёмкостиор усаа зөөх байдалтай л байна.
-Малын өвс, тэжээл хэр байгаа вэ?
-Өвс тэжээл хангалттай байгаа.

Сэрвэй сумын Засаг даргатай ярилцсаны дараа өвчлөлийн голомт болон бүртгэгдсэн Мандал-Овоо сумын малчин Х.Ууганбаатартай ярилцлаа. Түүний аюулгүй байдлын үүднээс нэрийг өөрчлөв.
-Танай малд хэзээ өвчин илэрсэн бэ?
-Арваннэгдүгээр сарын 19-нд илэрсэн.
-Аймаг, сумаас хүн ирж үзсэн үү?
-Аймгаас нэг удаа ирж үзсэн. Дээж, шинжилгээ аваад явсан. Дахиж ирээгүй.
-Танай мал вакцинд хамрагдсан байсан уу. Өвчин илэрсэн малдаа ямар эмчилгээ хийсэн бэ?
-Вакцин хийлгээгүй байсан. Улсаас вакцины хангалтаа хийж чадахгүй байх шиг байна лээ.
-Хэдэн тоо толгой малаас хэд нь өвчилсөн бэ?
-1000-аад малтай. Түүний 400-гаад нь өвчилсөн.
-Устгалд орсон уу?
-Тэр дор нь цагаан тариа хийгээд нам дарсан. Мал хүндрээгүй хөнгөн дээр нь нам дарсан. Тариа хийгээд хоёр хоноод л гайгүй болоод байсан. Арванхоёрдугаар сарын 10-нд бүх малыг вакцинд хамруулсан. Түүнээс хойш өвчлөл дахин гарсангүй.

УЛСААС ВАКЦИНЫ ХАНГАЛТЫГ ХҮРЭЛЦЭЭТЭЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
Улсын баруун хязгаарт нөхцөл байдал ямар байгаа талаар Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Батцэнгэлтэй ярилцлаа.

-Ховд аймагт малын гоц халдварт өвчний нөхцөл байдал хэр байна вэ?
-Өнөөдрийн байдлаар хоёр суманд малын гоц халдварт өвчин голомтлоод байна. Сүүлийн 24 цагийн мэдээллээр бусад сумдад гараагүй байна. Ховд, Дөргөн, Мянгат, Эрдэнэбүрэн, Чандмань сумдад бүртгэгдсэн.
-Малаа 100 хувь вакцинжуулж чадсан уу?
-Ховд аймгийн хэмжээнд 3.6 сая мал вакцинжуулах төлөвлөгөөтэй. Үүнээс 2.3 сая малыг вакцинжуулаад байгаа.
-Жилд хэдэн удаа малыг вакцинжуулдаг вэ. Малчид өөрсдөө вакцинаа худалдаж авч хийлгэдэг үү?
-Вакциныг улсаас үнэгүй өгдөг. Улсаас вакцины хангалтыг тэр болгон хүрэлцээтэй хийж чадахгүй байна. Яагаад гэхээр улсын хэмжээнд бүх аймгуудад халдвар гарчихсан, вакцины хэрэгцээ их байгаагаас хүрэлцээ хангамж муу байна. Манай аймгийн хувьд есдүгээр сараас хойш вакцинжуулалт хийгдээд 2.3 сая малыг вакцинжуулсан. Цаашдаа үлдсэн малаа вакцинжуулахаар төлөвлөгөө гаргаад Мал эмнэлгийн газарт хүргүүлсэн байгаа.
-Өвчилсөн малаа устгаж байгаа юу. Улсаас устгасан малын нөхөн төлбөрийг өгөхгүй байх журам гарсан юм уу?
-Нөхөн төлбөр өгөхөөр өндөр зардал гарна. Улсад нөхөн төлбөр өгөх боломж муу байна гэсэн. Улсаас нөхөн төлбөр өгөхгүй учраас малыг устгалд оруулахгүй байгаа. Тиймээс дархлаажуулж, хорио цээр тогтоох, хоёрдогч халдвараас сэргийлж халдвар илэрсэн малд антибиотик эмчилгээ хийх ажлуудыг хийж байна. Цаашдаа голомтын бүсэд нь халдвар тараахгүй байдлаар хорио цээрийн дэглэм маш хатуу тогтоох үүрэг чиглэл аваад ажиллаж байна гэсэн юм.

Увс аймгийн Зүүнхангай сумын багийн дарга дараах тодруулгыг өгсөн юм.

-Голомт болсон газруудад ямар арга хэмжээ авсан бэ?
-Тодорхой бүс тогтоогоод хөдөлгөөн хязгаарласан байгаа.
-Өвчлөл хэзээ бүртгэгдсэн бэ?
-Удаагүй. Сая нэг сар гараад бүртгэгдсэн.
-Хэдэн малд өвчлөл илэрсэн бэ?
-Цөөхөн, 10-аад малд л илэрсэн.
-Тухайн айлууд малдаа вакцин хийлгүүлсэн байсан уу?
-Хийлгээгүй байсан. Одоо хийгдэж байна.
-Сумынхаа бүх малыг 100 хувь вакцинд хамруулж чаддаг уу?
-Чадахгүй шүү дээ. Вакцин улсын хэмжээнд тасарчихсан, олдохгүй байгаа. Тэр өвчин илэрсэн айлын хэдхэн малыг л вакцинжуулах боломжтой.
-Цаашид малын гоц халдварт өвчний гаралтыг бууруулахын тулд ямар арга хэмжээ авах вэ?
-Тухайн өвчлөл гарсан айлын 25 км радиус доторх бүх айлын малыг вакцинжуулах ажлыг зохион байгуулахаар хүсэлтээ өгчихсөн. Улсын онцгой комисс, аймгийн онцгой комисс тодорхой хэмжээний вакциныг шийдэж өгнө гэсэн. Тэр айлын малыг өчигдрөөс эхлээд вакцинжуулаад дуусч байна.
-Өвчилсөн малыг яасан бэ?
-Устгасан. Цагаан зээрийн нүүдлээс шалтгаалан малд өвчлөл үүсч байна.
-Устгасан малын нөхөн олговрыг малчдад өгөх үү?
-Одоогоор тийм зүйл яригдаж эхлээгүй байна. Энэ 2-3-хан хоногийн өмнө болсон явдал. Бүх зүйл шат дарааллаараа явагдана. Вакцинжуулах, тусгаарлах, хорио цээрийн дэглэм тогтоох ажлууд хийгдэж байна. Түүний дараа нөхөн олговор зэрэг асуудлууд хуулийн дагуу явагдах ёстой.
-Устгасан малын нөхөн олговрыг төрөөс өгөхөө больсон гэх мэдээлэл байна?
-Түүнийг одоогоор мэдээгүй. Ямар ч байсан өвчтэй малынхаа асуудлыг бүрэн гүйцэд шийдээд дараагийн асуудлуудаа авч хэлэлцэнэ.
Эдгээр мэдээллээс харахад Монгол даяар мал сүрэг нь шүлхий өвчинд нэрвэгджээ. Ийм байхад өвчнийг даруйхан дарах, эмчлэх, вакцингүй сууж байгаа З.Мэндсайхан сайд та юу хийж байна вэ? Ажлаа хийнэ үү?
 
С.ОТГОН, М.МӨНХ
Өдрийн сонин

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn