Дорноговийн “Догшин хутагт”

356

Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хэвлэл мэдээллийн баатраар нэгэнт тодорчээ. Бид Монгол Улсын шүүх биш учраас түүний хүн зодсон эсэхийг огтхон ч тунгаахгүй. Тэгэхээр уламжлал ёсоор гишүүдийн тухай цуврал бичил хөргөөр түүнийг уулзуулах гэсэн хэрэг.  
Уг нь хэдхэн жилийн өмнө Б.Дэлгэрсайхан гишүүнд “Дорнын говь” хэмээх мах бэлтгэдэг компаниас өөр овоглох зүйл аймгийн хэмжээнд бараг л байгаагүй болов уу. Байсан ч би мэдээгүй байж болно. Гэтэл өнөөдөр Дорноговь аймагт баригдаж боссон, босох гэж байгаа эмнэлэг, сургууль, орон сууцнаас эхлээд түүгээр овоглох зүйл олон болжээ. Өнөөдөртөө арай гишүүнээрээ овоглосон өрх айл байхгүй бололтой. Уг нь бид чинь догшин хутагт Д.Данзанравжаагаар титэмлэн бахархаж ирсэн түмэн. Харин өнөөдөр Б.Дэлгэрсайхан гишүүнээр овоглохдоо тулж байгаа учраас сонгогч олон ч түүнийг “Догшин хутагт” хэмээн нэрийдэх болжээ. Миний хувьд “догшин хутагт” бус “ноён хутагт” гэж нэрлэмээр байвч дорноговьчуудын өмнөөс зөрж чадсангүй.
Нөгөө талаар аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарт ч шаардлага өндөр тавьдаг, ширүүн дориун харьцаатай гэх шүүмжлэл өрнөдөг. Тэр ч бүү хэл аймгийн удирдлагууд шийдвэр гаргахдаа хүртэл гишүүнийхээ амыг хардаг болсон гэх. Ажил хэргийн харилцаа янз бүрийн замаар өрнөдөг ч биз, хувь хүний араншин ч байдаг л биз.
Энэ тухай би ямар харж сонсож суусан биш, мэдэх юм байхгүй. Нутаг зоны дунд нэгэнт тархсан үгнээс түүвэрлэх төдий сууна. Яахав ээ, тойрогтоо санаа зовдог л гишүүн байгаа биз гэж бодогдох. Бүх зүйлд гар хуруу, хошуу амаа дүрж байж санаа амардаг нэг тийм зүдэргээтэй өрхийн тэргүүн олон байдаг даа. Тэдний нэг гээд ойлгочиход ч болохгүй зүйл алга. Тойргоос сонгогдсон гишүүд бүгд л ийн хөл алддаг нь нууц биш. Ер нь Б.Дэлгэрсайханы энэ байдал эрчээрээ яваад өндөр авбал энд тэнд таарсан хүмүүс “Та Дэлгэрсайхан аймгийн харьяат уу” гэж асууж ч мэдэхээр оволзож байдаг шүү.
Тэр богино хугацаанд мандаж дуурсахаас ч аргагүй олон зүйлд нэр алдраа шигтгээд авчээ. Дорноговийн төвд “Мандах наран-1, 2” орон сууцны хороолол босож, өдгөө түрээсийн орон сууц гээчийг босгож байна. Дорноговьчууд “Манай гишүүний барьж байгаа байр” л гэнэ. “Мандах наран” хороолол гэхээсээ илүүтэй “Дэлгэрсайханы орон сууц” л гэнэ. Тэд нэг зүйлийг ойлгодоггүй юм байна. Төрд төлөөлдөг гишүүн нь өөрийнхөө бизнесийг орон сууцаар өргөжүүлж байгаа болохоос бус тэдэнд зүгээр өгөөд байгаа зүйл огт байхгүй. Яахав, өндөр ашиг хардаггүй давуу талтай юм билээ.Товчхондоо орон сууц бариад иргэддээ зарж байгаа л бизнесмэн гэдгийг ойлгочих хэрэгтэй. Зайлшгүй дурдах нэгэн зүйл бий. Барилга байшин бариад, түүнийг өндөрлөж будсанаар хөгжиж байгаа хэрэг огт биш.
Гагцхүү тухайн улсын иргэн хүний амьдрал, эрүүл саруул, санаа зовох зүйлгүй аж төрж байгаагаар хэмждэг учиртай. Хамгийн ойрын жишээ дурдахад өнгөрөгч аравдугаар сард Дорноговь аймгийн хэмжээнд цар тахлын дэгдэлт хамгийн их байв. Нас баралт өвчлөлт дээд цэгтээ тулсан байхад аймгийн нэгдсэн эмнэлгийн сэхээний тасагт ганцхан амьсгалын аппараттай байгааг эмч, эмнэлгийн ажилтнууд халаглан ярьж байв. Сүүлд Тамгынхаа газар дээр сүр дуулиантай хэдэн аппарат гардуулна лээ. Аймгийн эрүүл мэндийн салбар нь ийм байдалтай, иргэд нь нас барж, өвдөж зовж байхад тэнд хэчнээн гоё барилга барьж тууз хайчлаад яах юм. Дэлхий нийтийг хамарсан хэлж ирдэггүй тахал зовлон хэдий ч дурдахаас өөр аргагүй. Түүнээс бус хувийн хөрөнгөөр Эрүүл мэндийн газар, түүний салбар байгууллагуудад машин тэрэг бэлэглэхээс эхлээд гэгээ татуулсан мэдээлэл түүнд олон бий. 
Яахав, аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Спортын ордон, эмнэлэг, сургууль, зам харгуй гээд олон зүйл баригджээ. Энэ бүгдийг “Дэлгэрсайханы бариулсан эмнэлэг, сургууль, цэцэрлэг” хэмээн нэрийднэ. Хэдийгээр дампуурахдаа тулсан хэмээн зүхүүлж байгаа ч энэ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бариулсан зүйлс шүү дээ. Тодотгож хэлбэл, та бүхний “Дэлгэрсайханы” гээд байгаа зүйлийг чинь иргэдийн улсад төлсөн татварын мөнгөөр бариулж байгаа юм. Бүр тодотговол, иргэн таны мөнгөөр бариулсан байгууламж юм. Үүнийгээ л ойлгочих л доо. Б.Дэлгэрсайхан гишүүний хувийн хөрөнгөөр бүтээж босгосон зүйл мэр сэр байгааг огтхон ч үгүйсгэхгүй.
Түүний хувьд Монгол Улсын толгой хөрөнгөтнүүдийн нэг гэдэг. “Болд төмөр ерөө гол” тэргүүтэн олон компани аж ахуйн нэгж байгааг дурдахын зэрэгцээ хөрөнгө мөнгийг нь хүртэл яг таг тоолчихсон мэт ярих нь бий. Тэр ч бүү хэл оффшор дансыг нь хүртэл гаргаж ирээд зарга хийж яваатай таарч байв. Миний хувьд хэтэвч, хөрөнгө рүү өнгийж хараагүй учраас мэдэхгүй юм. Харин “Баян хүн гурван төрд нүүртэй” гэдэг бол туйлын үнэн гэдгийг түүний аж төрж байгаа байдлаас харж болно.
Гагцхүү эмнэлэг, сургууль гээд аливаа зүйл барих болохоор Б.Дэлгэрсайхан гишүүн очиж шав тавина, баригдаж дуусахаар нь тууз хайчлаад байхаар иргэд “Манай гишүүн л барьсан” гэж ойлгодог нь даанч гачлантай. Хөрөнгө орлогын мэдүүлгээс цухасхан харвал УИХ-ын гишүүн болсон даруй эхний хоёр жилд тус тус 10 тэрбум төгрөгийн орлоготой байсан гишүүн маань 2020 онд орлого нь илтэд буурсан гишүүдийн тоонд оржээ. Түүнээс бус үхэхээс бусдыг үзэж цуглуулсан хөрөнгөөрөө байшин барилга бариад бэлэглээд байх хүн гэж хаа байхав. Манай нөхцөлд бизнес хийх амаргүй гэдгийг өөрөө ч ярьж байсан санагдана.
Үүнээс гадна сүүлийн жилүүдэд Дорноговь аймаг Монгол Улсын шилдэг аймгаар удаа дараа шалгарав. Үнэн хэрэгтээ үйлдвэрлэл үйлчилгээ хөгжиж, бичил бизнесийн салбарт болтугай ч ахиц гарсан гэдэгт эргэлзээ төрнө. Эрээний зах дээрээс бөөндсөн бараа зардаг хүмүүсээ л бизнес эрхлэгч хэмээн нэрлэж сууна. Үйлдвэр үйлчилгээ хөгжиж байгаа бол ч бас яахав. Шилдгээр цоллуулах болсон гол шалтгаан нь уул уурхайн чиглэлд үйл ажиллагаа явуулж байна.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа ашиглалтын болон хайгуулын 200 гаруй лицензийг цуцлуулж, үндсэн олборлолт хийж байгаа компаниудаас Орон нутгийг хөгжүүлэх санд багагүй хөрөнгө оруулалт татаж байв. Үүгээр орон нутгийн хэмжээнд бүтээн байгуулалт хийсэн. Б.Дэлгэрсайхан ч төсвийн хөрөнгө татахад гол үүрэг гүйцэтгэсэн байх.
Үүгээрээ тэр яах аргагүй төрд ч түмэнд ч нөлөөтэй. Нөгөө талаар тус аймгийн Алтанширээ суманд Газрын тос нэрэх үйлдвэр, Зүүнбаян Тавантолгойн чиглэлийн төмөр зам барьж, үүнийг дагалдах зам харгуй, орон сууцнаас эхлээд дэд бүтцийн ажил хийгдсэн зэрэг зүйлс нөлөөлсөн. Уг нь УИХ-ын гишүүн бол хууль санаачлан батлуулж, түүнийг дагаж мөрдүүлэх үүрэг хүлээсэн Төрийн эрх барих хамгийн дээд байгууллагын ажилтан хүн. Түүнээс бус энд тэнд очиж, барилга байшингийн шав тавьж, тууз хайчлаад байдаг ч хүмүүс биш. Бид нэгэнт ийм жишиг тогтоосон хойно “Усыг нь уувал ёсыг нь дагах”-аас өөр замгүй.
Б.Дэлгэрсайхан гишүүнд нутаг зонынхон талтай, түүнийг амаа олохгүй магтдаг. Үүнийг буруутгах аргагүй. Ямар нэгэн байдлаар дорноговьчуудад таалагдсан хэрэг. Зүдэрсэн зовсон иргэддээ ч халаасаа тэмтэрдэг гэх юм билээ. Үүнээс харахад аймгийн удирдлагууд гишүүнийхээ үг хүсэл байдаг нь үнэн бол тэд ч таалагдаж таарна. Ерөөсөө манай бүх гишүүн орон нутгийн удирдлагыг шууд бус утгаараа гартаа хийхийг санаархаж ирсэн. Энэ санаагаа ч хэрэгжүүлж ирсэн. Тэр бол Дорноговь аймгийн Алтанширээ сумын унаган хүүхэд, 1987 онд НАХЯ-ны дэргэдэх Цэргийн дээд сургууль төгсөөд аймгийнхаа болон Дорнод аймгийн Цагдаагийн хэлтэст Мөрдөн байцаагч, Ахлах мөрдөн байцаагч, Тасгийн даргаар ажиллаж байсан хүн.
Ийнхүү Монгол Улс шинэ нийгэмд шилжээд удаагүй байх 1993 оноос “Дорнын говь” компани, 2004 оноос УИХ-д сонгогдох хүртэл “Болд төмөр Ерөө гол” компанийн захирлаар ажилласан гэхээр бизнесийн 30 шахам жилийн намтартай хүн. Одоогоор түүний бизнесийн намтар жин дарж байгаагаас улс төрийнх нь намтар тун нимгэн явна. Зузаалах эсэх нь хувь улстөрчийн үйл хэрэг, цаашдын замнал л мэдэх хэрэг.
С.УУГАНБАЯР
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn