Замын-Үүд: 20:00-06:00 цагт явган болон автомашинаар зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 10 хоногийн хугацаанд оройн 20:00 цагаас өглөөний 06:00 цагт явган зорчигч болон авто машины хөдөлгөөнийг хязгаарлаж эхэлжээ.
Тодруулбал, Сумын Онцгой комиссын шийдвэрээр Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын хор уршгийг арилгах, эрүүл бүс болох зорилгоор сум доторх хөдөлгөөнд өчигдөр буюу 2021 оны есдүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 20:00-06:00 цагийн хооронд явган зорчигч болон авто машины хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон байна.
Үүнтэй холбогдуулан Замын-Үүд сумын төрийн байгууллагын 165 алба хаагч гудамж, талбай, олон нийтийн газарт хөдөлгөөний хязгаарлалт, хорио цээрийн дэглэмийг сахиулан үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Эх сурвалж: Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газар