Хувь хүний мэдээллийг хуулиар хамгаалах чухал цаг ирсэн

471


Нийтийн мэдээллийн тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлэг өчигдөр  Төрийн ордонд боллоо. Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар  УИХ-ын гишүүн Н.Учрал, ажлын хэсгийн гишүүдэд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, П.Анужин, Э.Бат-Амгалан, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, Б.Саранчимэг, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нар ажиллаж байна. Хэлэлцүүлгийн үеэр хууль санаачлагчид ямар байр суурь илэрхийлснийг хүргэе. 
Н.Учрал: Төрийн байгууллага хуулиа хэрэгжүүлэхгүй байгаа учраас хуулийн нэр хүнд унаж байна -Манай улс 1992 онд хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлж, эрхэм зорилгоо болгоно гэж тунхагласан. УИХ 1995 онд Хувь хүний нууцын тухай хуулийг баталж, хувь хүний нууцыг хамгаалах, тогтоохтой холбоотой харилцааг зохицуулсан. УИХ-аас хууль батлан гаргах нь хэдийгээр чухал ч түүнийг нэг мөр хэрэгжүүлэх нь хамгаас чухал. Төрийн байгууллага хуулиа хэрэгжүүлэхгүй байгаа учраас иргэдийн дунд хуулийн нэр хүнд унадаг нь маргаангүй. Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөлд иргэд хаанаас ямар мэдээллийг авах талаар тусгайлан тусгаж өгснөөр иргэдийн мэдээлэл авах эрхэд онцгойлон ач холбогдолтой. Хэн нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзах, булзааруулах боломжийг хааж өгч байна. Цахим хувьсгал өнөөдөр бидний амьдралын салшгүй нэг хэсэг, улс үндэстний хөгжлийн хурдасгуур, бизнесийн салбарын чухал хэрэглэгдэхүүн болж байна. Цахим хувьсгал бол дэлхий нийтэд шинэ зүйл байхаа больсон. Иймээс бид өөрсдийн гэсэн цахим хөгжлийн эко системийг бий болгох шаардлага үүсч байна.
 
ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж: Дата баазыг хоёр дахь “газрын тос” гэж харж байна 
-Манай улс дата баазыг хоёр дахь “газрын тос” гэж харж байна. Датаг төр хувийн хэвшил, иргэд зөв ашиглах юм бол газрын тосноос  илүү ашигтай гэсэн судалгаа гарсан байдаг. Цугларсан датаг зөв ашиглавал эдийн засагт үр өгөөжтэй, мөн авилгыг бууруулдаг. Энэ үүднээс Засгийн газраас дээрх асуудлыг судалж үзснээр дөрвөн багц хуулийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн. Нийтийн мэдээллийн тухай хуулиар төрийн байгууллага болон хувийн хэвшлүүд мэдээллийг хэрхэн солилцох, мэдээллийн эзнээс хэрхэн зөвшөөрөл өгөх, мэдээллийн эзэнд хэрхэн мэдэгдэл өгөх асуудлыг зохицуулсан. Хүний хувийн мэдээллээр нууц мэдээлэл гэж юу юм, эмзэг мэдээллийг нийтийн орчинд хүний хувийн мэдээллийг яаж, хамгаалах тухай харилцааг зохицуулж байгаа. Цахим гарын үсгээр Нийтийн мэдээллийн тухай хууль, хүний хувийн мэдээллийн тухай хууль буюу цахим орчинд иргэнийг хэрхэн таньж баталгаажуулах асуудлыг Цахим гарын үсгийн тухай хуулиар зохицуулахыг зорьсон. Кибер аюулгүй байдлын тухай хуулиар дээрх гурван хуулийн аюулгүй байдал, хамгаалалтын асуудлыг зохицуулахаар тусгасан. Дээрх дөрвөн хууль салшгүй холбоотой цогц хууль юм.
 
Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг: Хүний хувийн мэдээлэл алдагдах эрсдэл өндөр байна 
-Хүний хувийн мэдээллийг хэрхэн зохистой харилцаанд оруулах вэ гэдгийг ярихаас өөр аргагүй болсон. Сүүлийн жилүүдэд үйлчилгээний газруудад хэрэглэгчийн худалдан авалтын үнийн дүнд суурилсан оноо цуглуулах, хувь хүнийг таньж баталгаажуулах зорилгоор хүний биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/ болон хувь хүний бусад мэдээлэл цуглуулах нь түгээмэл байгаа байна.  Ингэхдээ хүний хувийн мэдээллийг тухайн хувь хүнд урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авалгүйгээр цуглуулах, анх цуглуулсан зорилгоос өөр зорилгоор ашиглах, зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулах, хүний хувийн мэдээлэл алдагдах эрсдэл үүссэн тохиолдолд эргэн мэдэгдэх, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах зэрэг асуудал үүсэхэд Хувь хүний нууцын тухай хуулийг хэрэглэхэд зохицуулалтын агуулга нь хэт ерөнхий, тунхаглалын шинжтэй, тодорхой төрлийн асуудлыг шийдвэрлэж чадахгүйд хүргэж байна. Түүнчлэн дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж ашиглан хүний хувийн мэдээлэл цуглуулах, хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх мэдээллийг олон нийтэд түүний зөвшөөрөлгүйгээр ил болгох, бусдад дамжуулах үйлдлүүд ихээхэн нэмэгдэж байна.  Энэ нь дууны, дүрсний, дуу дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулж болох тохиолдлуудыг хуулиар нарийвчлан заагаагүй, түүнд тавигдах шаардлагыг тодорхойлоогүй, хориглох зохицуулалт байхгүй, хяналт тавьдаггүй зэрэгтэй холбоотой гэж үзэж байна.
 
Хуулийн төслийн онцлох заалтууд 
• Мэдээлэл хариуцагч нь төрийн байгууллага байна мөн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, олон нийтийн радио телевиз, улс төрийн нам байхаар тусгасан. Жишээ нь мэдээллийг тухайн эзнийх нь зөвшөөрлөөр хадгалж, төрийн бүх байгууллага цахим орчинд цахим хадгалах, дамжуулах харилцааг зохицуулсан асуудлыг Нийтийн мэдээллийн тухай хуулиар зохицуулахаар тусгажээ.
• Мэдээлэл хариуцагч буюу нийтийн мэдээллийг “нээлттэй, хаалттай, хязгаарлалттай” гэж ангилжээ.  Үүнд хаалттай мэдээлэл гэдэг нь төрийн нууц болон хуулиар хаалттай гэж тогтоосон мэдээллийг, хязгаартай мэдээлэл гэдэг нь хандах ашиглахад хуулийн хязгаарлалт тогтоосон байх бөгөөд хуулийн этгээд, албаны нууцад хамаарах мэдээллийг тусгаад байна.
• Нээлттэй мэдээллийг төрийн байгууллагууд заавал ил байлгана. Хаалттай мэдээлэлтэй зөвхөн эрх бүхий албан тушаалтан танилцана. Үүнд, мэдээллийн эзэн, шүүх, прокурор, цагдаа гэх мэт хуулиар эрх олгосон эрх бүхий этгээд, хаалттай, хязгаарлалттай мэдээлэлтэй танилцана. Бусад ямар ч тохиолдолд мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр танилцаж болохгүй гэж заажээ.
 
 
Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn