Д.Амарбаясгалан: Улс орон, ард иргэдийнхээ төлөө нэгдэн ажиллах шаардлага тулгарч байна

492

МАН болон МАХН нэгдэж буй талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Тулга нар “МАН, МАХН: Нэг зорилго, нэгдмэл бодлого” хэлэлцүүлэгт оролцох үеэрээ байр сууриа илэрхийллээ. МАН, МАХН хоёр угсаа гарал нэгтэй, өмнө нь нэг нам байсан бөгөөд хоёр нам хоёулаа зүүн төвийн социал демократ үзэл баримтлалтай тул энэ нь нэгдэх эхний шалтгаан гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тодотголоо. Тэрбээр “Зүүн төвийн үзэл баримтлалтай нам учраас баримталж, хэрэгжүүлж буй бодлого, мөрийн хөтөлбөр нь нэг. Тухайлбал, нийгмийн хамгаалал, нийгэмд шударга ёсыг тогтоох, хариуцлагын тогтолцоог бий болгох, Монгол Улсыг эв нэгдэлтэй байлгах зэрэг бодлого баримталж, үйл ажиллагаа явуулж байгаа юм. Нэгдэх талаар олон жил ярьсан. Шинэ он гарснаас хойш хоёр нам энэ чиглэлд нэлээд идэвхтэй хамтарч ажиллаж байна” гэсэн бол МАХН-ын дарга Н.Энхбаяр “МАН болон МАХН түүх, үүсэл гарал, үзэл баримтлал нэгтэй улс төрийн хүчин. Монгол Улсад улс төрийн хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой энэ жил тохиож байна.
Энэ түүхэн ойн босгон дээр үүсэл гарал, үзэл баримтлал нэгтэй хоёр нам нэгдэж, хамтын хүч, хамтын бодлогоор нийгэм, эдийн засагт тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх боломжийг цаг хугацаа олгож байна. Энэ боломжийг ашиглан улс орноо хөгжил дэвшлийн замд хамтдаа хөтлөн оруулахад санал нэгдсэн тул нэгдэх шийдэлд хүрлээ. МАН ийм сайхан зөв байр суурь баримталж, үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж буйд би болон манай намын гишүүд, дэмжигчид баяртай байгаа” гэв.
МАН, МАХН НЭГДЭХ УРИАЛГЫГ ХОЁР НАМЫН ГИШҮҮД НААШТАЙГААР ХҮЛЭЭН АВЧЭЭ
МАН, МАХН нам нэгдэх ажлын хэсгийг намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нар ахлан ажиллаж, улмаар хоёр намын гишүүд, дэмжигчдэд хандан уриалга гаргаж, хэлэлцүүлэг зохион байгуулсан билээ. Тухайн уриалгыг намын гишүүд хэрхэн хүлээн авсан, хоёр нам нэгдэх шалтгааны тухайд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Хоёр нам нэгдэхэд олон шалтгаан бий. Хоёр нам байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ жил тохиож байна. Нэг түүх, гарал үүсэлтэй улс төрийн намууд хэдий ч цаг хугацааны явцад тодорхой асуудалд зөрүүтэй байр суурь баримталснаас болж салж байсан бол одоо энэ байр суурь, саналын зөрүү маань арилж, нэгэн зорилгын төлөө хамтдаа зүтгэх том боломж нээгдлээ. Сүүлийн 30 жилийн хугацаанд МАН засгийн эрхийг дараалан найман жил барих үүргийг хүлээсэн. Тиймээс бид ард түмнийхээ итгэлийг дааж, бусад улс төрийн намтай ойлголцож, хүчээ нэгтгэн нэгдэн нийлж улс орныхоо хөгжил дэвшил, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө хамтарч ажиллах шаардлага тулгарч байна” гээд улс төрийн нам ямар байх ёстой талаар мөн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Монгол Улс парламентын ардчилсан тогтолцоотой улс. Парламентын засаглалыг бүрдүүлж, төрийн сонгуульд оролцон засгийн эрхийг хэрэгжүүлэх үүргийг авдаг институц бол улс төрийн нам байдаг. Энэ утгаараа Монгол дахь улс төрийн намын төлөвшил, улс төрийн намын институцийг бэхжүүлэх ажил бол туйлын чухал. Ард иргэдийн хувьд улс төрийн намд итгэх итгэл хангалттай биш байгааг бид мэдэрч улс төрийн намынхаа үйл ажиллагааг өндөр түвшинд хүргэх, цаашлаад олон жижиг бус цөөн тооны чанартай, ард иргэдийн итгэлийг даасан хүчтэй улс төрийн намтай, парламентын ардчилсан тогтолцоотой улс байхын төлөө бид хичээн зүтгэж байна. Энэ хүрээнд хоёр нам ажлын хэсэг байгуулж, улмаар хамтарсан уриалга гаргасан. Мөн гишүүдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Яагаад гэвэл, юуны түрүүнд тэдний санал бодол, шийдвэрийг сонсож байж цаашид нэгдэн нийлэх ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Уриалгыг намын бүх шатны гишүүд дэмжин хүлээж авсан. Монголчууд эвлэлдэн нэгдэж, тэр дундаа засгийн эрхийг барьж буй улс төрийн нам, парламентад суудалтай намтайгаа эвлэлдэн нэгдэж, хамтран зүтгэхийн төлөө явж буй үйлдлийг дэмжих нь зүйтэй гэдгээ илэрхийлж байсан ” хэмээв.
МАН, МАХН угшил нэгтэй тул хамтарч ажиллах, улмаар нийгэм, эдийн засагт тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэдэг хүсэлт, шаардлагыг намын гишүүд дэмжвэл цаашид хамтарч, нэгдэх ажлыг зохион байгуулахад санал нэгдэж, хамтарсан уриалгад гарын үсэг зурсан тухай МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдэгдэж байлаа. Тэгвэл энэхүү уриалгыг МАН болон МАХН-ын бүх шатны гишүүд нааштайгаар хүлээн авч, дэмжихээ илэрхийлсэн тул цаашид нэгдэх ажлыг зохион байгуулахад ямар нэгэн асуудалгүй гэдгийг намуудын удирдлагууд дээрх хэлэлцүүлгийн үеэр мэдэгдлээ.
 
С.ЮМСҮРЭН
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn