Морио уяж хурдлуулаад хамгийн дээд цолыг авна гэж боддог

522

Говийн ээрэм талд эмэгтэй хүн морины зоон дээр давхиж талаар бэлчиж буй адуухурааж явахтай тааралдлаа.Түүнтэй отрын бэлчээрт цөөн хором хөөрөлдөв.

Сайхан өвөлжиж, хавартай золгов уу? Адуу тогтож байна уу?

Сайхаан, адуу тогтож байна. Та сайн явж байна уу?

Сайн сайн.

Эмэгтэй хүн морины дэлэн дээр исгэрч адуу хурааж явахыг хараад уулзахаар ирлээ?

Та өөрийгөө танилцуулах уу?

 Намайг Бибишийн Дэчинсүрэн  гэдэг. Сүхбаатар аймгийн Халзан сумаас Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт аав, ах дүү нартайгаа отроор өвөлжиж байна.  АШУҮИС-ийн дөрөвдүгээр дамжааны оюутан.

Сурахын хажуугаар отор нүүдэл хийж яваа юм байна. Хэрхэн амжуулж байна вэ?

-Ковид цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй холбогдуулж оюутнууд танхимд сууж хичээл үзэх бус онлайнаар хичээлээ хийж байна.

Би оюутны цахим хичээлийн хажуугаар гэрийнхэндээ тусалжмал маллаж отор нүүдэл хийж явна. Багш нартайгаа ярилцаж тохироод  сүлжээтэй үед онлайнаар хичээлээ хийгээд даалгавраа шалгуулаад явж байгаа. Манай багш нар үнэн учраа хэлэхээр ойлгодог юм.

Танай нутагт цас их орсон уу? Өвөлжилт ямархуу байна?

Хэд хэдэн удаа нэлээд их цас орсноос болж өвөлжилт хүндэрсэн. Нутгийнхан маань мөн л отор нүүдэл хийж явна.

Шинэ газар нутаг зохиж байна уу, жавар ихтэй өвөл боллоо гэж  оторчид ярьцгааж байна?

Өргөн сумын зүүн хойд энэ нутаг Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумтай хил залгадаг адуунд тохиромжтой бололтой сайхан газар байна.

Хүн ард нь ч гэсэн найрсаг санагдсан.  Манай мал сүрэг өвлийг өнөтэй давлаа. Удахгүй хаврыг энх мэнд давах байх. Цас ханзрахаар нутаг руу гаа буцна. Өмнөх жилүүдийг бодвол хүйтэн өвөл тохиолоо. Гэхдээ  морь унаад явж байхад даардаггүй юм аа. Халууцаад л байдаг.

Таныг багаасаа л морь унаж адуу хурааж явсан гэж сонслоо. Айраг түрүү олон авч байв уу?

Аав маань саяхан сумын алдарт уяач болсон, адуучин хүн бий. Багаасаа аав, ахыгаа дагаад хурдан морь унаж хурдлуулж явснаар моринд дуртай болсон.

Олон айраг түрүү авч байсан. Нэг удаагийн наадмаар  миний унасан гурван морь түрүүлж байлаа. Сүүлийн хэдэн жилээс эхэлж өөрөө морио уядаг болсон. 2013-2015 оны үед манай хүрэн морь сумын наадамд олон түрүүлсэн он жилүүд байлаа. Дорноговь аймгийн Өргөн сумын наадамд ч түрүүлж байсан.

Морины хүүхэд томдлоо гээд л уяачид ярьж эхлэхээр юу бодогдддог бол?

Унаач хүүхдийн наснаас мултарч байгаа нь тэр л дээ. Би хурдан морийг таван наснаасаа эхэлж 16 нас хүртлээ унасан. Зайдлаад л  давхина. Үеийн хүүхдүүдтэйгээ морины ам булаалдан давхиж байсан нас. Арван зургаан нас хүрээд нэг л өдөр хурдан морины хүүхдийн тооноос хасагдсан. Угаасаа адуунд дуртай учраас морь уях хүсэл сонирхол эхэлсэн дээ.

Сүхбаатар аймгийнхныг анзаараад байхад адууны уяа сойлгод эр нөхрөөс гадна гэр бүлийнхэн эхнэр хүүхдүүд их оролцдог юм шиг санагддаг. Гэр бүлээрээ уяачид гэж хэлж болмоор?  

Тиймээ. Манай нутгийнхан эрт дээр үеэс л адуугаа, морио шүтэж ирсэн. Заримдаа эр нөхрийн эзгүйд эхнэр нь хүүхдүүд нь морио уяж хурдлуулдаг.

Айлын эхнэр хүүхдүүд адууныхаа үүлдэр, онцлог, хурд удмыг хүртэл сайн мэддэг. Яаж тэжээх, яаж уяж хурдлуулах гээд бүх ажил гэр бүлийн гишүүн бүрт холбоотой байдаг.   

Цаашдаа ямар зорилго өвөртөлж байна?

Сургуулиа төгсөөд нутагтаа ажиллахаар ирнэ.Амралтаараа морио уяж хурдлуулна. Морио уяж хурдлуулаад авч болох хамгийн дээд цолыг авна гэж боддог. Манайх адууныхаа угшлыг өөрийн унаган адуунаас гадна олон хурдан буянаар сайжруулсан.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn