Говьсүмбэр аймагт тэмбүүгийн өвчлөл хамгийн өндөр байна

11


Бэлгийн замаар дамжих халдвар зөвхөн Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. Монгол Улсад эдгээр халдвар бэлгийн идэвхтэй амьдралтай 19–34 насныхны дунд харьцангуй өндөр бүртгэгддэг бөгөөд залуучуудын мэдлэг, мэдээлэл дутмаг, бэлгэвчийн хэрэглээ тогтмол биш байгаа нь халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Бэлгийн замаар 30 гаруй төрлийн халдвар дамждаг гэж үздэг. Монгол Улсад тэмбүү, заг хүйтэн, трихомониаз, ХДХВ зэрэг халдварууд зонхилон бүртгэгддэг. Халдварын эрсдэлийг мэддэг хэрнээ “зүгээр байлгүй дээ” гэж бодон хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох нь халдвар авах, цаашлаад бусдад дамжуулах шалтгаан болдог. Мөн гэр бүлтэй хүмүүсийн дунд ч халдвар бүртгэгдсээр байгаа нь урьдчилан сэргийлэлт хүн бүрд хамаатай асуудал болохыг харуулж байна.
2026 оны эхний 9 сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварын 6679 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 18.8 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 889 тохиолдлоор буурсан үзүүлэлт юм.
Нийт тохиолдлын 44.6 хувийг тэмбүү, 33.7 хувийг заг хүйтэн, 21.3 хувийг трихомониаз, 0.4 хувийг ХДХВ/ДОХ эзэлж байна.
Өөрөөр хэлбэл, бүртгэгдсэн бэлгийн замаар дамжих халдварын бараг тал хувийг тэмбүүгийн тохиолдол бүрдүүлжээ.
Гэхдээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 256 тохиолдлоор буурсан байна. Харин 10000 хүн амд ногдох тэмбүүгийн өвчлөлийн үзүүлэлтээр Говьсүмбэр аймаг 17.1, Өмнөговь аймаг 15.7, Сүхбаатар аймаг 11.3, Дорноговь болон Дорнод аймаг тус бүр 9.2, Улаанбаатар хот 11.1 байгаа нь улсын дунджаас өндөр үзүүлэлт болж байна.

Бэлгийн замаар дамжих халдварын хамгийн аюултай талуудын нэг нь зарим тохиолдолд ямар ч тодорхой шинж тэмдэг илэрдэггүй явдал юм. Халдвар авсан хүн өөрийгөө эрүүл гэж бодон явсаар өвчнийг бусдад дамжуулах, эмчилгээ хийлгэхгүй удсанаар хүндрэл үүсэх эрсдэлтэй.

Харин шинж тэмдэг илэрсэн ч эмчид хандахгүй, дур мэдэн эм хэрэглэх нь асуудлыг улам хүндрүүлдэг байна.

Түүнчлэн нэг хүн нэгэн зэрэг хоёр болон түүнээс дээш халдвар авах боломжтой. Эдгээр халдварын шинж тэмдэг төстэй байж болох тул зөвхөн гаднах шинж тэмдгээр нь ялгаж, ямар эм хэрэглэхээ шийдэх боломжгүй. Бусдын зөвлөгөө, интернэт дэх мэдээлэлд үндэслэн антибиотик дур мэдэн хэрэглэх нь халдварыг бүрэн эмчлэхгүй байх, шинж тэмдгийг түр бүдгэрүүлэх, нянгийн антибиотикт тэсвэржилт үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс бэлгийн замын халдварын сэжигтэй шинж тэмдэг илэрсэн эсэхээс үл хамааран эрсдэлтэй хавьталд орсон бол шинжилгээ өгч, шаардлагатай эмчилгээг мэргэжлийн эмчийн заавраар хийлгэх нь чухал юм.

ЖИРЭМСЭН ЭХЧҮҮД ШИНЖИЛГЭЭГЭЭ ХУГАЦААНД НЬ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ

Бэлгийн замаар дамжих халдвар жирэмсэн эхээс урагт дамжих эрсдэлтэй. Гэхдээ жирэмсний хяналтад эрт хамрагдаж, шаардлагатай шинжилгээг цаг тухайд нь өгч, халдвар илэрвэл тохирсон эмчилгээ хийлгэснээр энэ эрсдэлийг бууруулах боломжтой.
2024 оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд жирэмсний хяналтад шинээр 38,648 эмэгтэй хамрагджээ. Тэдгээрээс трихомониаз илрүүлэх шинжилгээнд 92.5 хувь, заг хүйтэн илрүүлэх шинжилгээнд 92.4 хувь, тэмбүү илрүүлэх шинжилгээнд 98.8 хувь, ХДХВ илрүүлэх шинжилгээнд 97.9 хувь нь хамрагдсан байна.
Эдгээр үзүүлэлт жирэмсний хяналтын хүрээнд халдвар илрүүлэх шинжилгээ чухал байр суурь эзэлж байгааг харуулж байна. Гэхдээ шинжилгээнд хамрагдсан байх нь дангаараа хангалтгүй бөгөөд халдвар илэрсэн тохиолдолд эмчилгээг бүрэн хийлгэх шаардлагатай.
БЗДХ-ЫН ЭМЧИЛГЭЭ ЗӨВХӨН НЭГ ХҮНЭЭР ХЯЗГААРЛАГДАХГҮЙ
Бэлгийн замаар дамжих халдвар илэрсэн тохиолдолд зөвхөн өөрөө эмчлүүлээд зогсохгүй бэлгийн хамтрагчаа мөн шинжилгээ, шаардлагатай эмчилгээнд хамруулах нь чухал. Эс бөгөөс нэг нь эмчлүүлсэн ч нөгөө нь халдвартай хэвээр үлдэж, дахин халдвар дамжуулах эрсдэлтэй.
Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүрэгт БЗДХ-ын тусламж, үйлчилгээ үзүүлэх кабинет ажиллаж байгаа бөгөөд иргэд мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авах, шинжилгээ өгөх, шаардлагатай эмчилгээ хийлгэх боломжтой.
Бэлгийн замаар дамжих халдварын талаар ичиж, санаа зовсноос эмнэлэгт хандахгүй байх нь эрсдэлийг нэмэгдүүлдэг. Халдварын шинж тэмдэггүй байсан ч эрсдэлтэй хавьталд орсон бол шинжилгээ өгөх, бэлгэвч тогтмол хэрэглэх, халдвар илэрвэл хамтрагчтайгаа хамт эмчлүүлэх нь өөрийгөө болон бусдыг хамгаалах хамгийн чухал алхам юм.

https://news.mn/r/2893891/
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn