Их гүрнүүдийн хооронд хавчуулагдсан Өмнөд Солонгос

Сөүлд өнгөрсөн бямба гарагт хоёр томоохон жагсаал болж өнгөрлөө. “Трамп биш!” хэмээн хэдэн зуун хүн АНУ-ын Элчин сайдын яамны үүдэнд хашхирч, дуу хоолой нь Гванхвамун талбайг цуурайтуулан Трампын төлөөлөгчдэд сонсогдож байв. Харин Гёнбокгүн ордны үүдэнд “Хятад биш!” гэсэн уриа бүхий жагсаал өрнөж иргэд Хятадын эсрэг үзлээ илэрхийлсэн юм.
Энэ үзэгдэл нь БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёний хувьд энэ долоо хоногт АНУ болон Хятадын удирдагчдыг хүлээн авахдаа хийх дипломат тэнцвэрийг харуулж байна. Сөүл нь уламжлалт холбоотон болох АНУ-тай харилцаагаа хадгалах шаардлагатай ч, хамгийн том худалдааны түнш Хятадын нөлөөнд ч анхаарал хандуулах ёстой.
61 настай И Жэ Мен улс төрийн туршлагатай ч Өмнөд Солонгост сүүлийн нэг жил шахам хугацаанд өрнөөд буй улс төрийн хямрал, нийгмийн хуваагдалд дасан зохицох сорилттой тулгарчээ. Түүний өмнөх Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн богино хугацааны цэргийн хуулийн дэглэм улс төрийн үймээн, үндсэн хуулийн хямрал дагуулж, эцэстээ төрийн тэргүүнээс огцроход хүргэсэн юм. И Жэ Мён албан тушаалаа авахад Дональд Трампын татварын бодлого аль хэдийн холбоотнууд болон өрсөлдөгчдөө цочроосон байв.
Наймдугаар сард И Жэ Мён Цагаан ордонд Трамптай уулзаж, АНУ-д 350 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх, 100 тэрбум ам.долларын шингэрүүлсэн байгалийн хий худалдан авах амлалт өгсөн. Харин Трамп Өмнөд Солонгосын бараа бүтээгдэхүүнд оноох татвараа 25 хувиас 15 хувь болгон бууруулахаар зөвшөөрсөн ч, Жоржиа мужийн Hyundai үйлдвэрт 300 гаруй солонгос ажилчдыг баривчлан саатуулсан нь хоёр орны харилцаанд сэв суулгасан.
АНУ, БНСУ-ын худалдааны гэрээ байгуулах оролдлого үргэлжилж байгаа ч одоогоор эцсийн тохиролцоонд хүрээгүй байна. Судлаач Жон Делури “Хэрэв И Жэ Мён эдийн засгийн асуудлаар амжилт гаргаж чадвал олон хүн түүнийг уучлах болно. Хятадын эсрэг үзэл бол харьцангуй цөөн хэсэгт хамаарах зүйл” хэмээн өгүүлжээ.
Ерөнхийлөгч И Жэ Мёний гаргасан визийн хөнгөлөлтийн талаарх шийдвэрийн улмаас Өмнөд Солонгост Хятадын эсрэг дуу хоолой сэргэжээ. Тэрээр жагсаалыг хязгаарлах хуулийн төсөл боловсруулж, үзэн ядалт, ялгаварлан гадуурхлыг сурталчилсан жагсаалыг хориглохыг оролдож байна. Үүний зэрэгцээ Хятадын Коммунист намаас ялгаатай, Хятадын эерэг харилцааг хадгалах бодлого баримталж буйгаа илэрхийлсэн билээ.
Ши Жиньпин бямба гарагт И Жэ Мёнтой нүүр тулан уулзах бөгөөд Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалттай зэрэгцэн гурван хоног Гёнжу хотод зочлох нь Хятадыг тогтвортой худалдааны түнш, дэлхийн хүчирхэг улс гэдгийг харуулах дипломат боломж болно. Бээжинтэй харилцаагаа сайжруулах нь мөн хойд хөрштэй, ялангуяа Ким Жон Унтэй яриа эхлүүлэхэд дэмжлэг болж болох юм.
Өмнөд Солонгосын гудамжууд өнөөдөр амьдралын эрч хүчээр дүүрэн байна. Ханбок өмссөн жуулчид Netflix-ийн алдартай K-pop “Demon Hunters” контентыг хайж, K-beauty дэлгүүрт шинэ нүүрний маскын дараалалд зогсож байна. Эдийн засаг дахин хурдацтай сэргэж байгаа ч, И Жэ Мёний хувьд хоёр их гүрний хооронд тэнцвэр барьж, аль нэгийг нь гомдоохгүйгээр дипломат харилцаагаа удирдах нарийн төвөгтэй сорилт тулгарч буй аж.
Б.Оюунхорол
https://eagle.mn/r/8EBgbfIWJZK