Саудын Араб Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх сонирхолтой байна

39

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улсын Угсаа залгамжлах ханхүү бөгөөд Ерөнхий сайд Мухаммад бин Салман Аль-Саудтай уулзжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улсад зохиогдож буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд оролцох үеэр тус улсад ажлын айлчлал хийв. Тэрбээр арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Саудын Арабын Хаант Улсын Угсаа залгамжлах ханхүү бөгөөд Ерөнхий сайд Мухаммад бин Салман Аль-Саудтай уулзаж, Монгол, Саудын Арабын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 16 дугаар бага хурлыг эх орондоо амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэж, тус бага хурлын дараагийн даргалагч орны хувиар Монгол Улс энэ удаагийн бага хуралд өндөр ач холбогдол өгч оролцож байгааг онцлов.
Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, зорилтын талаар танилцуулж, цаашид хоёр улсын хооронд сэргээгдэх эрчим хүч, нэн чухал эрдэс баялаг, барилга хот байгуулалт, хөдөө аж ахуй, байгаль орчин зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгч байгаагаа тэмдэглэлээ.
Хунтайж Мухаммад бин Салман Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх, Монголын хөгжилд Саудын Арабын зүгээс хувь нэмэр оруулахын төлөө байгаагаа нотлов. Мөн талууд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахад хамтран ажиллахаар тохиролцлоо.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn