“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы баг Баян-Өлгий аймагт ажиллаж байна

84

Хорт хавдрын шалтгаант нас баралтаар Монгол Улс дэлхийд нэгдүгээр байранд, тэр дундаа элэг болон ходоодны хорт хавдрын улмаас хорвоог орхиж буй статистик үзүүлэлтээр монголчууд мөн л дэлхийд тэргүүлж байна. Аюулын харанга дэлдсэн энэ өвчнөөс урьдчилан сэргийлж болдгийг, эрт оношилж, илрүүлбэл бүрэн эдгэрэх боломжтой гэдгийг ХААН Банк сангаас санхүүжүүлж, Хавдрын өвчин судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хамтран хэрэгжүүлдэг “Хавдрын эсрэг үндэсний аян” ард иргэдэд ойлгуулахыг чухалчилж ирсэн билээ.
Аян эхлүүлснээс хойших 14 жилийн хугацаанд хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх, эмчлэх, өвчний эрсдэлт хүчин зүйлс, тэдгээрээс сэргийлэх талаар иргэдэд ухуулан, таниулах ажлыг амжилттай хэрэгжүүлсэн нь хүн амын дундах хорт хавдрын талаарх мэдлэг, мэдээлэл сайжирч, хорт хавдраас сэргийлэхэд тодорхой хувь нэмрээ оруулж байгаа билээ.
Энэ удаа “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы баг бүрэлдэхүүн Монгол орны алс баруун хязгаар Баян-Өлгий аймгийг зорьж, нээлтийн арга хэмжээг өнөөдөр Өлгий хотын төв талбайд зохион байгууллаа. 2023 оны жилийн эцсийн тайлангаар Баян-Өлгий аймагт шинээр бүртгэгдсэн хорт хавдарт элэг 23,7%, ходоод 23.1%, улаан хоолой 11.8%, бөөр 10,1%, хөх 4.1%, бүдүүн гэдэс 3,0%, бусад байрлалын хорт хавдар 24.3%-ийг тус тус эзэлж байна. Өвчлөлийн түвшин буюу 100,000 хүн амд ногдох тоогоор улсын дундажтай харьцуулахад бага үзүүлэлт боловч шинээр бүртгэгдсэн хорт хавдрын тохиолдлын 73.1% нь хожуу үедээ оношлогдсон нь анхаарал татаж буй юм.
Хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл өгч, үзлэг оношилгоо хийх, эрт илрүүлэх зорилготой  аяны баг бүрэлдэхүүн 9-р сарын 7-ныг хүртэл Баян-Өлгий аймагт,  9-р сарын 15-21-нд Баянхонгор аймагт ажиллана.
Өнгөрсөн хугацаанд ХААН Банк сан энэхүү аяны хүрээнд 133 мянга гаруй хүнд үзлэг хийж, хортой хавдрын 656 тохиолдол илрүүлэн, нийт 1.3 тэрбум төгрөг зарцуулсан нь эрүүл мэндийн салбарт хувийн хэвшлээс оруулсан томоохон хөрөнгө оруулалт болсны дээр мэргэжлийн байгууллага, хувийн хэвшлийн сайн түншлэлээр нийгмийн хариуцлагаа ухамсарлан, нийгэмд бодитой өөрчлөлт авчирсан сайн жишээ болж буй.
Урьдчилан сэргийлэх үзлэгт иргэн та тогтмол хамрагдан, сэтгэлзүйн эрүүл мэнддээ анхаарч, эрүүл хооллож, тогтмол дасгал хөдөлгөөн хийж, хорт зуршлаас татгалзаж чадвал хорт хавдраас сэргийлэх боломжтой гэдгийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn