Ц.Лут-Очир: Малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс төлбөл тогтолцоогоо нураах чиглэл рүү явна
Эдийн засагч Ц.Лут-Очиртой ярилцлаа.
-Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэж байна. Малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс төлөх саналыг гишүүд дэмжсэн нь олон нийтийн зүгээс шүүмжлэлд өртөөд байна. Та үүнийг эдийн засагчийн хувьд хэрхэн харж байна вэ?
-Нийгмийн даатгалын сан байнга алдагдалтай явдаг, жилд 500 тэрбумын татаас авдаг. Гэтэл энэ дүнг ирээдүйд улам өсгөх нь. Нөгөө талаас НДС-гийн орлого буурна гэж үзэж байна.
Хоёрдугаарт, нийгмийн аль нэг хэсгийг нийт татвар төлөгчдийн мөнгөөр дэмжих нь Үндсэн хуулийн зарчмаа зөрчинө. Гэтэл малчид бол хувийн бизнес эрхлэгчид болохоос төрөөс тэтгэх учиртай эмзэг бүлгийн хүмүүс биш.
Гуравдугаарт, нийгмийн даатгалын тогтолцоо төлдөг нь хохироод, төлдөггүй нь хождог шударга бус байдал байгаа. Гэтэл энэ байдлыг улам өөгшүүлсэн шийдвэр гаргах гэж байна.
-Малчдын 25 хүрэхтэй үгүйтэй хувь нь НДШ төлдөг гэх. Хэрвээ төрөөс 50 хувийг төлбөл НДШ төлөх малчдын тоо нэмэгдэнэ гэж хуулийн төсөл санаачлагчид яриад байгаа. Тоо нь нэмэгдэх магадлал хэр вэ?
-Зохих хэмжээгээр өсөх л байх. Гэхдээ хэзээ ч 100 хувь болохгүй, тэтгэвэрт гарах дөхсөн хүмүүсийн тоогоор л өсөх биз. Ер нь төлөхгүй, өөрсдөө хуримтлал үүсгэж явж байгаад халамжийн тэтгэвэрт гарах, 40 жил төлөөд тэтгэвэрт гарах уу гэдэг сонголтоос аль нь ашигтайг бодоод гаргачихад амархан. Ер нь заавал тэднийг хамруулах зорилго юу вэ гэж асуумаар байна.
Нөгөө талаас одоо НДШ сайн дураар төлж байгаа бусад иргэдийн төлөх сэдлийг бууруулах магадлалтай. Тогтолцоогоо нураах чиглэл рүү яваад байна.
-223 мянган малчин иргэн байдаг юм байна. Тухайлсан нэг салбарынхныг ийнхүү онцгойлон НДШ дээр нь хөнгөлөлт үзүүлж, харж хандах нь эдийн засгийн талаасаа ямар үр өгөөжтэй вэ, бас ямар сөрөг талтай байж болох вэ?
-Нүүдлийн мал ахуй маш их эрсдэлтэй, байгалиас хамааралтай салбар. Эдийн засгийн өгөөж, бүтээмж муутай. Тэгсэн мөртлөө хамгийн их газар нутаг, ус ашигладаг. Бусад салбар болох уул уурхай, газар тариалан, эрчимжсэн аж ахуй эрхлэх боломжийг хааж, эдийн засгийн хөгжлийг саатуулдаг болоод байгааг хэлэх ёстой. Энэ мэт халамжаас болоод малчид нэгдээд фермерийн аж ахуй эрхлэх сэдэл буурна.
-Малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс төлнө гэдэг бол үнэндээ татвар төлөгчдийн мөнгөнөөс жил бүр 25 тэрбумыг гаргана гэсэн үг. Энэ нь эрүүл, шударга тогтолцоо биш харагдаж байна гэж бусад НДШ төлөгчид эсэргүүцээд байна?
-Эрх баригчид сонгуулийн зорилгоор нийгмийн нэг хэсгийн саналыг худалдан авах гэж байна уу гэж хардахаас аргагүй. Мэдээж ийм шударга бус шийдвэрийг НДШ төлдөг хэсэг эсэргүүцэх нь ойлгомжтой. Энэ зардал цаашдаа зөвхөн 25 тэрбумаар тогтохгүй. Энэ хүмүүс тэтгэвэрт гарах үеэр сангаас илүү их зардал урсдаг болно. Ирээдүйгээ харсан шийдвэр биш.
-УИХ-ын гишүүн П.Анужин "Малчдад НДШ төлөх урам, дэмжлэг болно. Малчин өөрөө төлсөн тохиолдолд цалингийн доод хэмжээний 50 хувийг төрөөс дэмжлэг үзүүлнэ" гэж тайлбарлаад байна. Гэтэл ялангуяа малчид НДШ болон татваруудын талаар мэдлэг, мэдээлэл асар багатай хүмүүс байдаг?
-Тэд мэдээлэл муутай хүмүүс биш. Ард түмнээ ингэж дорд үзэхээ болих хэрэгтэй. Өдөр тутмын мах, сүү, ноолуурын үнэ, ханшийг чагнаад сууж байдаг хүмүүс. Одоогийн НДС өгөөж муутай байгаа учраас төлөхгүй байгаа. Тэтгэвэрт гарах насаа дөхүүлээд 5-7 жил шимтгэл төлөх сэдэлтэй суугаа биз.
-Та хөгжлийн эдийн засагч хүн. Монгол орон бол уул уурхайгаа л дагаж хөгжинө гэцгээх нь түгээмэл. Харин 2012-2016 оны үед инженерүүдээ дэмжиж, шинжлэх ухааны салбараа хөгжүүлж байж хөгжил хурдан ирнэ гэдэг байсан. Гэтэл 2016 оноос хойш татвар татаас нэмэгдсэнээс өөр юу ч өөрчлөгдсөнгүй. Татвар нэмснээр хөгждөг бол манай улс эдийн засгаараа цойлох л байлаа. Монгол Улс яавал түргэн хөгжих вэ?
-Юуны түрүүнд улс бүх юмыг зохицуулах, бизнес хийх гэж оролдохоо зогсоох хэрэгтэй. Бүх нөөц боломжийг сорж аваад, үр өгөөж муутай салбарт түгжээд байна. Төрийн өмчийн компанид нэг хүний хийх ажлыг таван хүн хариуцаад суух бол энүүхэнд. Огт шаардлагагүй хүнд суртал болдог бүтэц ч бий. Татвар төлөгчдийн мөнгөөр тойрог бүрд соёлын төв, хөшөө дурсгал бариад хөгжил ирэхгүй. Харин эрчим хүч, гадаргын усны менежмент хийх төслүүдээ хийх, эдийн засгийн өсөлтийг дэмжих дэд бүтцээ анхаарах учиртай.
Гэтэл байгаа жаахан эрчим хүч, дэд бүтцээ хувийн хэвшилтэй булаацалдаад орон зайг нь шахаад байгаа нь харамсалтай. Төрийн оролцоо байсан цагт авлига хулгай буурахгүй, бүтээмжээ өсгөх, зардлаа бууруулах хөрөнгө оруулалт хийх сонирхол байхгүй.
Д.Гансаруул