ГОВЬ-АЛТАЙ: ЭЕШ-д амжилт үзүүлсэн багшийг 50 хүртэлх сая төгрөгөөр урамшуулна
Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан "Боловсролын чанарыг сайжруулах хөтөлбөр"-ийн хүрээнд урамшуулах журамд өөрчлөлт оруулж баталлаа. 12 дугаар сарын 5-нд болсон аймгийн ИТХ-ын есдүгээр хуралдаанаар “Боловсролын чанарыг сайжруулах хөтөлбөр”-ийн ЕБС, СӨБ-ын багш, сурагчдын амжилтыг харгалзан үзэж урамшуулах тухай журмыг шинэчлэн баталсан юм.
Говь-Алтай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Ж.Амгаланбаатар:
“Энэхүү журамд хэд хэдэн өөрчлөлт орсон. Тухайлбал, ЭЕШ-д өндөр амжилт үзүүлсэн багшийг 50 хүртэлх сая төгрөгөөр, мөн шалгалтаар аймагтаа нэгдүгээр байр эзэлсэн сургуулийг 40 хүртэлх сая төгрөгөөр, хоёрдугаар байр эзэлсэн сургуулийг 20 хүртэлх сая төгрөгөөр, гуравдугаар байр эзэлсэн сургуулийг 10 хүртэлх сая төгрөгөөр, улсын дунджаас дээгүүр үнэлэгдсэн сургуулийг 5 хүртэлх сая төгрөгөөр урамшуулахаар журамд нэмэлт өөрчлөлт оруулж баталлаа. Түүнчлэн ЕБС-ийн сургалтын менежерүүдийг 1-10 хүртэлх сая төгрөгөөр, улсын чанартай уралдаанд амжилт үзүүлсэн багшийг 20 хүртэлх сая төгрөгөөр, ур чадварын уралдааныг 10 хүртэлх сая төгрөгөөр урамшуулж багшийн ажлыг үнэлнэ. Аймгийн 2023 оны ОНХС-гаас “Боловсролын чанарыг сайжруулах хөтөлбөр”-т 2 тэрбум төгрөгийг 9 ажлын хүрээнд төсөвлөн баталлаа” гэлээ.
Үүний сацуу ЭЕШ-д амжилт үзүүлсэн сурагчийг тодруулбал, 800 оноо авсан сурагчийн эхний жилийн сургалтын төлбөрийг 100 хувь, 750-иас дээш оноотойг 75 хувиар, 700-аас дээш оноо авбал 60 хувиар урамшуулахаар уг хөтөлбөрийн журамд тусгажээ. Мөн физик, хими, математикийн хичээлээр шалгалт өгөөд 750-иас дээш оноо цаашид химич, физикч, математикийн чиглэлийн мэргэжил эзэмшсэн хүүхдүүдтэй гэрээ байгуулж, орон нутагтаа багшаар ажиллуулах болзолтойгоор дөрвөн жилийн сургалтын төлбөрийг орон нутгаас хариуцна хэмээн аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Ж.Амгаланбаатар онцлон мэдээлсэн юм.
Уг хөтөлбөрийн хүрээнд СӨБ, ЕБС-ийн бага ангийн багш нарыг нийт хүүхдүүдийг хөгжүүлж байгаа амжилтаар нь 50 хүртэлх сая төгрөгөөр урамшуулах аж. Ингэнхдээ тэднийг ур чадварын болон төсөлд суурилсан аргазүйн уралдаанд хамруулж үзүүлсэн амжилтаар нь урамшуулах юм.