Шатахуун ачсан машин замын хажуу руу унажээ
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Өлзийт багийн “Олон-Овоо” гэдэг газар шатахуун тээвэрлэгч автомашин замын хажуу руу унасан тухай дуудлага өнгөрсөн шөнө 03:30 цагт онцгой байдлын газарт ирсэн байна. Аймгийн төвөөс хойд зүгт 168 км-т, Айраг сумын төвөөс хойд зүгт 48 км-т уг осол болсон бөгөөд дуудлага хүлээн авсан даруйд аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид очин загварын зүтгүүрийг нь татаж босгожээ.
Тухай автомашинтай жолооч Э Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сумын чиглэлд 45 тн шатахуун ачин зорчиж явсан гэнэ. Ямартай ч жолоочийн биеийн байдал хэвийн гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.